Хятадын Тэнгисийн цэргийн хүчин Өмнөд Хятадын тэнгист байлдааны сургуулилалт хийж эхэллээ. Уг сургуулилалтын хүрээнд “J-15” сөнөөгч онгоцууд нисэх онгоц тээгч Шаньдун хөлгөөс хөөрөх, зориудаар бэлтгэсэн дайсны онгоцыг саатуулах зэрэг сургуулилалт хийнэ. Мөн агаар дээрх, усан доорх, гадаргуу дээрх хамгаалалтын сургуулилалт хийх юм.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин мөн Өмнөд Хятадын тэнгист сургуулилалт хийж эхэлснээ Баасан гаригт мэдэгдсэн. Тэд цөмийн хөдөлгүүртэй нисэх онгоц тээгч хөлөг онгоц, удирдлагатай пуужингийн хөлөг онгоц, пуужин устгагчаас бүрдсэн Нимиц тээгч хөлөг онгоц дээр сургуулилалтаа хйиж байна.
Уг мэдэгдлийн дараа Хятадын Тэнгисийн цэргийн хүчин ч сургуулилалт эхлүүлжээ. “АНУ-ын Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагаа нь цэргийн ач холбогдол багатай. Зөвхөн бүс нутагт хурцадмал байдлыг л бий болгоно” гэж Бээжингийн Батлан хамгаалахын мэргэжилтнүүд хэлж байна.
Стратегийн өндөр ач холбогдолтой Өмнөд Хятадын тэнгисийг Бээжин бараг бүхэлд нь эзэмшдэг бөгөөд тэнд байгуулсан хиймэл арлууд дээр заставуудаа байгуулсан. Гэвч АНУ үүнийг хууль бус гэж нэрлэж, навигацийн эрх чөлөөний хүрээнд байлдааны хөлөг онгоцоо тус бүс рүү тогтмол явуулдаг. Тайвань, Вьетнам, Малайз, Бруней, Филиппин зэрэг улс ч Өмнөд Хятадын тэнгист өөрсдийн мэдлийн, байгалийн нөөцөөр баялаг устай.
Эх сурвалж: AL JAZEERA