Малчин телевизийн 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарч найм даван түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын үнэн зоригт харцага Н.Золбоо үзүүрлэлээ.
Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын харцага Ц.Бямба-Отгон нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын харцага Х.Гантулга, улсын начин Д.Хүдэрбулга, улсын начин Д.Цэрэнтогтох, аймгийн арслан А.Нармандах нар үлдэв.
Сонирхуулахад, ирэх долоо хоногт буюу 2023 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 20:00 цагаас Алтан цомын төлөөх цувралын шигшээ найман багийн барилдаан эхэлнэ.
- Эхний өдөр 20:00 цагаас Увс болон Булган аймгууд барилдах бол
- Хоёрдугаар сарын 02-нд 20:00 цагаас Баян-Өлгий – Өвөрхангай,
- Хоёрдугаар сарын 03-нд 20:00 цагаас Төв – Баянхонгор,
- Хоёрдугаар сарын 04-нд 16:00 цагаас Архангай – Завхан аймгууд учраа тааран барилдана.
Мөн хоёрдугаар сарын 05-нд 12:00 цагаас "Жем Интернэшнл" ХК-ийн нэрэмжит "Улсын харцага цолны хүндэтгэл"-ийн улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно.