Эверестийн оргилд нэмэлт хүчил төрөгч, шерпа нарын тусламжгүй авиралт хийж, Монголын рекордыг тогтоож, оргилдоод харамсалтайгаар амиа алдсан уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах хоёр удаагийн оролдлого амжилтгүй болж, түүнийг Эверестийн оргилд мөнхөд үлдээхээр болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Монгол Улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар дэлхийн дээвэр Эверестийн оргилд нэмэлт хүчил төрөгч, шерпа нарын тусламжгүйгээр авиралт хийж Монголын рекордыг тогтоож, оргилдоод харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ.
Энэ талаар Аялал жуулчлалын газрын уулын авиралтын хэсгийн дарга Ракеш Гүрүнг, "53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт оргилд хүрсэн. Нас барсан уулчдын гар утсанд оргилын гэрэл зургийн нотолгоо байсан. Хоёр уулчин хамтдаа оргилд хүрч, бие биеийнхээ гэрэл зургийг авсан. Хэдийгээр зураг дээр цаг агаар сайхан харагдаж байгаа ч маш их салхитай өдөр байсан. Тэд буухдаа эрчим хүч, хүчилтөрөгчгүй болсон байх" гэж мэдэгдсэн байдаг. Улмаар Эверестэд осолдож амиа алдсан Монголын уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг тавдугаар сарын 25- ны өдөр /2024.05.25/ уулнаас буулгасан байна. Харин уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцос 8,300 метрийн өндөрт хадан хавцал дунд байсан бөгөөд цогцсыг уулнаас буулгах хоёр удаагийн оролдлого амжилтгүй болсон учир талийгаачийг Эверестийн оргилд мөнхөд оршоохоор болсон байна.