Хүний эрхийг цахим орчинд хамгаалах хуулийн МАН-ын улс төрийн шийдвэр гаргаж, ердөө хоёрхон хоногийн дотор батлуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулав. Эцэст нь, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавихаар болов. Энэ хориг бол эрх баригч намд тавьж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн анхны хориг. Засгийн газар ажлаа сайн хийг хэмээн өнөөдрийг хүртэл хориг ч тавихгүй яваа шүү хэмээн “зандарч” явсан У.Хүрэлсүх 2021 оны оны долдугаар сард тангараг өргөснөөс хойш анх удаа хориг тавьж буй нь энэ юм.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхийнхээ хугацаанд хамгийн их хориг тавьж байсан бөгөөд олонх нь МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатар болоод түүний батлуулахаар өргөн барьсан төсөв зэрэгт тавьж байв.
Ерөнхийлөгч дараах vндсэн бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
- Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бvхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь хvлээж аваагvй бол уг хууль, шийдвэр хvчин төгөлдөр хэвээр vлдэнэ гэсэн зохицуулалттай.
Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар заавал хэлэлцэж, хэрэв чуулганд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёр нь хүлээж аваагүй бол хууль хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ. Харин гуравны хоёр нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал хууль хүчин төгөлдөр бус болно гэсэн үг. Угтаа бол энэ хуулийн төсөл 10 жилийн өмнөөс яригдаж, УИХ-ын босго давж чадахгүй өнөөдрийг хүрсэн. Харин МАН намрын чуулган хаахаас өмнө ердөө хоёрхон өдрийн дотор энэ хуулийг баталсан нь мэдээж олон нийтээс ирэх “гал”-ыг тооцоолсон хэрэг. Гэвч олон нийтийн “гал”-ыг Ерөнхийлөгч лав дааж чадсангүй. Одоо Ерөнхийлөгч хориг тавьсан учраас УИХ хүлээж авах эсэхээ олонхоороо шийдвэрлэнэ. Мэдээж хууль хэлэлцэх нь анхнаасаа улс төрийн шийдвэр байсан учраас хоригийг хүлээж авахгүй байх боломж бий. Гэхдээ энэ хуулийн зорилго нь улстөрчдөд, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарахгүй, зөвхөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цахим залилан, садар самуунаас хамгаалах зориулалттай хэмээн Н.Учрал сайд “цээжээрээ хамгаалсан”. Мэдээж олон нийтийн сүлжээнд улстөрчид өөрсдийгөө “хамгаалах” сонирхол өндөр бий. Ялангуяа МАН-ынхан улс төрийн ашиг сонирхлоор, сонгуулийн үеэр энэ хуульд орсон заалтуудаа “ашиглахыг” үгүйсгэмгүй.
Ерөнхийлөгчийн хоригийг Сар шинийн баярын дараах ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Харин тэр үед парламент экс намын дарга, Ерөнхийлөгчийн анхны хоригийг хүлээж авах уу эсвэл хүлээж авахгүй, унагах уу гэдэг олны анхааралд өртөж байна. Намын улс төрийн шийдвэр, олон нийтийн эсэргүүцэл, бухимдал хоёрын аль нь хүчтэй байх бол…
Ш.ЧИМЭГ