БАРИМТ: “Мөнгө хүүлдэг“ ББСБ-тай хамааралтай газрын захирлуудаа Монголбанк хэзээ ЦЭГЦЭЛЖ дуусах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 26 секунд

БАРИМТ: “Мөнгө хүүлдэг“ ББСБ-тай хамааралтай газрын захирлуудаа Монголбанк хэзээ ЦЭГЦЭЛЖ дуусах вэ

Монголбанкны захирал, эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой ББСБ-ын асуудал тун удахгүй өндрийг авах бололтой. Уг нь одоогоос хэдэн жилийн өмнө ББСБ-аар мөнгө хүүлдэг хэрнээ төрийн мөнгөний бодлогыг зангидаж буй хүмүүсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үйл явц өрнөсөн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ ажил нь бүрэн төгс болоогүй бололтой. Ерөнхий сайд оны дараахан чуулганы индэрээс “Банк бус санхүүгийн байгууллагатай Монголбанкны газрын дарга нар больцгоо. Бүгдийг нь зарлана” гэж мэдэгдсэн.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ уг асуудлаа цэгцлэхийг сануулсан. Гэвч өчигдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ББСБ-гаар мөнгө хүүлдэг хүмүүсээ "цэвэрлэх"-ийн оронд "Эхнэрийн дүү, худ, төрөл садангийн хүний эзэмшлийн ББСБ-ыг шууд хамааралтай эсвэл нэгдмэл сонирхолтой гэж тодорхойлоход төвөгтэй" гэх марзан тайлбарыг өгч явна. Уг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуулиар хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлэхийг тов тодорхой зааж өгсөн. Гэвч Монголбанкны Ерөнхийлөгч нь хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдээ ч ялгахгүй "тууж" явах юм.

Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ Монголбанкы зургаан захирал, нэг хянан шалгагч, нэг хэлтсийн ажилтны гээд нийт найман хүний ББСБ-тай баримтын хүргэх болно. Эдгээрээс хоёр захирал нь 2022 оны 9, 10-р сард ажлаасаа гарах хүртлээ банк бустай хмааралтай байсан. Бусад нь үргэлжлүүлэн ажиллаж буй юм. Мөн эдгээр найман хүний зарим нь одоог хүртэл, зарим нь өнгөрсөн оныг хүртэл ББСБ-тай холбоо хамааралтай хэвээр байсан аж.

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамаатан, Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа “Болд-Кредит” ББСБ-тай хамааралтай байв

Эхний хүн бол Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа. Тэрбээр, Монголбанканд 2016 оноос хойш захирлаар томилогдсон юм. Түүний нөхөр Хажидсүрэнгийн Болдбаатар нь “Болд-Кредит” ББСБ-ийн гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчээр ажиллаж байгаад 2019 оны 8 дугаар сард хасагдсан байгаа юм. Хэрэв санаж буй бол яг энэ үед Монголбанкны удирдлагууд ББСБ-тай гэх эхний дуулиан дэгдэж, зарим нь чөлөөлөгдөж байсан.

Дашрамд сонирхуулахад, Х.Болдбаатар нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн дүү юм. Өөрөөр хэлбэл, Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагийн хадам нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм.

Flourish logoA Flourish sankey chart

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Начинзаан", "Илланай" ББСБ-тай хамааралтай

Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нь өмнө мэдээлж байсанчлан Монголбанкны Ерөнхийлөгчөөр 2008-2009 онд ажиллаж байсан А.Батсүхийн хадам дүү юм. Б.Баярдаваагийн эхнэр А.Алтанчимэг нь А.Батсүхийн төрсөн дүү нь аж. Хадам ах А.Батсүх нь Монголын анхдагч ломбард, ББСБ-иудын нэг “Начинзаан”-ы үүсгэн байгуулагч юм. Одоо А.Батсүхийн эхнэр Ж.Туяа нь “Начинзаан” ХХК-ийнн хувьцааг эзэмшигч юм.

Мөн Ж.Туяа нь “Илланай” ББСБ-тай бөгөөд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого тодорхойлогч гол хүмүүсийн нэг Б.Баярдаваа захирал хоёр ч ББСБ-тай холбоотой нь дээрх баримтаас харагдаж байна.

Flourish logoA Flourish sankey chart

Т.Ган-Од "Ялгуулагч ББСБ"-ын нэрээ ХХК болгож өөрчилж, 2023 оны 1 дүгээр сарын 27-нд хувьцаагаа хуучин гүйцэтгэх захиралдаа шилжүүлжээ

Монголбанкны салбарын захирал Т.Ган-Од нь “Ялгуулагч ББСБ”-аас 2021 оны 10 дугаар сарын 12-нд “Ялгуулагч” ХХК болгож өөрчлүүлсэн. Үүнээс хойш 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тэрбээр зээлийн үйлчилгээ үзүүлдэг компанидаа хувь эзэмшиж байгаад ердөө тав хоногийн өмнө хувь эзэмшигчдийн жагсаалтаас хасуулжээ. Одоо тус компанийн хувьцаа 2020 онд “Ялгуулагч ББСБ” нэртэй байхаас нь гүйцэтгэх захирлаар ажилллаж байгаа Ч.Далайдоржийн шилжиж, эцсийн эзэмшигч нь болжээ. Магадгүй 5 хоногийн өмнө хувьцаагаа шилжүүлсэн нь түүний үйлдэл Ерөнхий сайдын хэлсэн үгтэй холбоотойгоор “асуудлаа” цэвэрлэсэн байж болох талтай.

Flourish logoA Flourish sankey chart

Сүхбаатар аймгийн Монголбанкны салбарын захирал Ц.Мөнхбаярын эхнэр Ц.Ариунаа нь 2021 оны сүүл хүртэл "Баруун-Урт хөгжил" ББСБ-ын гүйцэтгэх захирлаар ажиллажээ.

Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч Д.Ганбат “Арвис-Итгэл” ББСБ-тай байсан ч татан буулгаж, үйл ажиллагаагаа зогсоожээ.

Төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн ажилтан Э.Жавхлангийн нөхөр Б.Баатар нь "Итгэлт анд инвест" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байв.

Эдгээрээс гадна Төлбөр тооцооны газрын хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Алдармаа 2022 оны 10 дугаар сард, Дотоод аудитын газрын захирал Т.Амарсайхан 2022 оны 9 дүгээр сард ажлаасаа гарсан юм. Эдгээр хоёр захирал нь хоёулаа банк бус санхүүгийн байгууллагатай хамааралтай байжээ.

Дотоод аудитын газрын захирал Т.Амарсайхан нь 2021 онд "Бат энд инвест" банк бус санхүүгийн байгууллагынхаа нэрийг өөрчилж ХХК болгосон ч зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй байсаар байгаа юм. Мөн түүний охин Б.Номинь "Бат энд инвест" ХХК-д хувь эзэмшдэг хэвээрээ байна.

ЗТХ-ийн сайдад хамаарах 147 төсөл үр дүнд хүрсэн гэж дүгнэжээ
ЗТХ-ийн сайдад хамаарах 147 төсөл үр дүнд хүрсэн гэж дүгнэжээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ