Газар хөдлөлтийн дараах улс төрийн чичирхийлэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
6 минут 35 секунд

Газар хөдлөлтийн дараах улс төрийн чичирхийлэл

Аймшигт газар хөдлөлтөөр олон мянган иргэнээ алдсан Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган аврах, эрэн хайх ажиллагааг үр дүнтэй явуулахад анхаарах биш ард түмний уур хилэнг өөр зүгт хандуулахыг хичээж байна. Тэрбээр 7.8 магнитуд газар хөдлөлтийн дараа Туркийн өмнөд хэсгийн 10 мужид ирэх тавдугаар сарын сонгууль болтол гурван сарын хугацаатай онц байдал тогтоосон.

Гамшгийн улмаас гэмтэж бэртсэн хүний тоо өнөөдрийн байдлаар 80 мянга давсан бөгөөд 218 мянга гаруй хүн аврах, эрэн хайх ажиллагаанд оролцож байгааг Туркийн гамшиг, онцгой байдлын удирдлагын газраас мэдээлжээ.

Газар хөдлөлтөд 10 мужид хэдэн мянган байшин, барилга хормын төдий нурж, олон мянган хүн амь эрсэдсэнд хэн хариуцлага хүлээх вэ гэдэгт олон нийт хариулт нэхэж эхэлсэн. Байгаль орчны сайдын мэдээлснээр газар хөдлөлтийн бүс нутгуудад 170 мянга гаруй барилгад үнэлгээ хийхэд 24921 барилга нурж, гэмтэж, сүйдсэнийг тогтоожээ.

Тэгвэл Туркийн эрх баригчид хариуцлагыг барилгын компаниудад, барилгачдад хүлээлгэхээр шийджээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр Туркийн барилгын салбарт томоохон баривчилгаа явагдаж, олон арван гэрээт компанийн удирдлагуудыг барьж хорьсон байна.

Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай хэлэхдээ, "Олон мянган барилга нурсанд буруутай 131 сэжигтнийг Засгийн газар олж тогтоосон бөгөөд 114-ийг нь баривчлан хорьсон" гэв.

Баривчлагдсан хүмүүсийн дунд Хатай мужийн 12 давхар барилгын гүйцэтгэгч Мехмет Ясар Коскун багтжээ. Түүний барилгын компанийн барьсан 250 айлын орон сууцны хороолол нь нэгэн цагт “тэнгэрээс ирсэн жааз” хэмээн сурталчилж байсан ч бүрэн сүйрсэн юм. Түүнийг Монтенегро руу нисэх гэж байхад нь Истанбулын нисэх онгоцны буудалд баривчилжээ. Тус байранд 1000 орчим хүн амьдарч байсан бөгөөд тэдний ихэнх нь нуранги дор байгаа гэж таамаглаж байна. Өөр нэг хүн бол Газиантеп хотод барьсан барилга нь нурсан Мехмет Эртан Акай юм. Түүнийг санамсаргүйгээр хүний ​​амь насыг бүрэлгэсэн, барилгын дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр буруутгажээ.

Эрх баригчид энэхүү баривчилгааныхаа өмнө хариуцлага алдаж, алдаа дутагдал гаргасан барилгын салбарынханд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж байв. Мөн Хууль зүйн яамнаас өнгөрсөн Бямба гаригт гамшигт өртсөн мужуудад "Газар хөдлөлтийн гэмт хэрэг мөрдөх хэлтсүүд" байгуулахыг албаныханд үүрэгдэж, прокуроруудыг нурсан барилгуудтай холбоотой хүмүүсийн эсрэг эрүүгийн хэрэг нээхийг даалгажээ. Гэвч үүнийг барилгын стандарт журмыг мөрдөөгүйгээс болж, газар хөдлөлтөд олон мянган орон сууц нурж, 38 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж ард түмний тархи угаахыг хичээж байна гэж шүүмжлэгчид дүгнэж байна. Туркт байрлан ажилладаг Канадын сэтгүүлч Ник Ашдаун тус улсын улс төрийн нөхцөл байдлыг тайлбарлахдаа "10 мужийн тал хэсэг балгас болж, Засгийн газар үймж эхэлсэн. Засгийн газраас сүйрлийн 95 хувийг урьдчилан сэргийлэх боломжтой байсан ч юу ч хийгээгүй. Тиймээс ард түмний тархийг угаах ажиллагааг эхлүүлээд байна" гэв.

Сөрөг хүчний зүгээс Эрдоганыг байгалийн гамшигт бэлтгэх нөөц хөрөнгийг буруу захиран зарцуулж, газар хөдлөлтөд бэлтгэх арга хэмжээг хангалтгүй авсанд буруутгаж байна.

Турк улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Тиймдээ ч Турк улсад 1999 онд болсон хүчтэй газар хөдлөлтөд олон тооны барилга, байгууламж нурсны дараа гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааг зохион байгуулах зорилгоор иргэдээс "газар хөдлөлтийн татвар" хурааж, сан үүсгэсэн байдаг. Тус санд одоогоор 4.6 тэрбум ам.доллар хуримтлагдсан байгаа аж. Гэтэл Эрдоган газар хөдлөлтийн дараа хамгийн их сүйдсэн Хатай мужид очиж, нөхцөл байдалтай танилцах үеэрээ "байгалийн гамшигт урьдчилан бэлтгэх боломжгүй" гэж мэдэгдсэн нь иргэдийг бухимдуулсан. Тус мужид 3300 гаруй хүн нас барсныг тогтоогоод байгаа бөгөөд орон сууцны хорооллууд бүхлээрээ нурсан юм.

Үүний зэрэгцээ 2022 оны арваннэгдүгээр сард Туркийн хойд хэсгийн Дузце хотод болсон 6.0 баллын хүчтэй газар хөдөлж, 2000 гаруй барилга эвдэрч сүйдсэн. Үүний дараа Байгаль орчин, хот байгуулалтын сайд Мурат Курум эрх баригчид тус улсын бүх барилга байгууламжийг “2035 он гэхэд газар хөдлөлтөд тэсвэртэй” болгохоор ажиллаж байгааг мэдээлсэн. Тэрбээр "Бид хэдийнэ 3.2 сая орон сууц барьсан. Одоогийн байдлаар 81 муж, 992 дүүрэгт 250,000 орон сууцыг одоогийн журамд нийцүүлэн өөрчилж байна. 6.6 сая байшин, аж ахуйн нэгжид аудит хийсэн. Одоогийн байдлаар манай 24 сая иргэн газар хөдлөлтөд тэсвэртэй байранд амьдарч байна” гэж попорч байв.

Турк улсад 20 сая орчим барилга, байгууламж байдаг

Хэдэн мянган хүний амь эрсэдсэнээс гадна газар хөдлөлт Туркийн эдийн засагт маш том цохилт болсон. Турк нь газар хөдлөлтөөс ч өмнө дэлхийн хамгийн өндөр инфляцитай орон байсан. Тус улсад инфляци 50 хувь давсан бол газар хөдлөлтийн хохирол ДНБ-ний 10 хувьтай тэнцэж, эдийн засгийн хямрал гүнзгийрнэ гэж "Bloomberg"-ийн эдийн засагчид тооцоолжээ.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO, REUTERS

Ши Жиньпиний зөвлөх Ван И ОХУ-д айлчилна
Ши Жиньпиний зөвлөх Ван И ОХУ-д айлчилна
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ