Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй баригдсан граж, хашаа, хайсыг буулгаж, тохижуулах ажлыг өнгөрсөн жилээс эрчимжүүлсэн. НЗДТГ-аас өгсөн мэдээллээр 2022 онд нийт 6000 граж, 17 км урт хашаа, 400 гаруй самбар буулгажээ. Гэвч, чөлөөлсөн талбайгаа тохижуулах ажил хийгдээгүй байгааг иргэд шүүмжиллээ.
ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ЮУ ХИЙХ САНАЛ, ХҮСЭЛТИЙГ ЦАХИМ БОЛОН ЦААСААР АВСАН
Зөвшөөрөлгүй граж гэх ч , үнэндээ өөрийн хөрөнгөөр авсан өмчөө төрд "дээрэмдүүлэх"-ийг зарим иргэд хүсэхгүй байгаа аж. Нийслэлээс газар чөлөөлөх хүрээнд мэдэгдэх хуудас явуулж, ямар ч нөхөн төлбөр өгөөгүй нь тус гражийг худалдаж авсан хүмүүсийг хохироож байгааг хэлсэн юм. Тиймээс шүүхэд гомдол гаргаж, өргөдлийг шийдвэрлэх процесс үргэлжилж байгаа гэлээ.
Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургуулийн хойд талд байрлах 30 гаруй гражийг эзэд нь буулгуулахгүй гэдэг өргөдөл, хүсэлтээ илэрхийлсэн байна. Тус гомдлыг өнгөрсөн жил шүүхэд гаргасан өнөөг хүртэл маргаантай хэвээр байгаа аж.
Граж буулгасан талбайг хэрхэн тохижуулах нь одоогоор тодорхойгүй. Оршин суугчид нь “Санал олон удаа авсан. Цаасаар, цахимаар аль алинаар нь санал өгч болох юм билээ. Энэ гражуудын дээр дахин төлөвлөлтийн самбар ч байршуулсан. Уг нь өнгөрсөн аравдугаар сард санал авч байсан. Гэхдээ иргэдийн хүсэлтээр гэхээс илүү анхнаасаа зураг төсөл нь гарчихсан гэж хараад байгаа. Учир нь дээр байршуулсан самбар дээр нь олон давхар автомашины зогсоол барина гэсэн байна лээ. Яг хэзээнээс эхлэхийг бол мэдэхгүй” гэж байв.
Иргэдэд мэдэгдэх самбар дээр тавьсан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын дагуу барилга барих үйл ажиллагаанд олон нийтийн санал авах танилцуулгад:
Чөлөөлсөн талбайд барилга барих хүсэлтийг Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж гаргасан бөгөөд авто зогсоол барина гэжээ.
. Тодруулбал,
- Газрын шийдвэр: НЗД-ын 2022.03.14 А/388
- Газрын зориулалт: Авто зогсоол
- Газрын талбайн хэмжээ: 2277.8 М2
- Төлөвлөж буй барилгын хэмжээ: 1510м2
- Давхрын тоо: Долоо
Ийнхүү тус самбар дээр эхний ээлжийн зураг төлөвлөлтийг харуулсан байна. Мөн нийт оршин суугчдын 70-аас дээш хувийн саналаар тус ажил дэмжигдэх аж. Харин барилга барих зөвшөөрлийг “Мэргэжлийн зөвлөл”-өөр хэлэлцүүлэх гэнэ. Гэхдээ иргэдээс гомдол санал ирсэн тохиолдолд тус хурлыг дахин төлөвлөхөөр тусгажээ. Тиймээс гражтай хүмүүс гомдол гаргасан учир тус бүтээн байгуулалтын ажил хойшилсон байна.
ИРГЭД: 5-13 САЯ ТӨГРӨГӨӨР ГРАЖ АВЧ, ЖИЛ БҮР ТАТВАР ТӨЛДӨГ БАЙСАН Ч ТӨР БУЛААСАН
Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн болон чөлөөлөх гэж байгаа талбай дээр очиход тохижилт янз бүр байв. Гражаа булаалгасан иргэд тодорхой хэмжээний нөхөн төлбөр авмаар байгаагаа хэлсэн бол зарим иргэд тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг шүүмжлэв.
Иргэд 1990 оноос хойш баригдсан орон сууцны хороолол дунд байрлах гражуудыг 8-13 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд жил бүр татвар төлдөг. Гэтэл зөвшөөрөлгүй гэх нэрийдлээр төр иргэдийн өмчид халдаж байна.
Хэдийгээр бүтээн байгуулалт нь нийтэд хэрэгтэй ч иргэн хохирох ёсгүй. Зөвшөөрөлгүй байгууламжуудыг буулгаж, газар чөлөөлөх ажил энэ онд ч үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцээд иргэдийн зүгээс буулгасан гражийн талбайд орон сууцны барилга байгууламж барьж магадгүй гэж хардаж буй юм.
НЗДТГ-аас “Газар чөлөөлөлтийг төлөвлөлтийн дагуу дүүрэгт бүрт хийж байгаа. Дүүргүүдийн засаг дарга нар болон газрын албанаас хяналт тавьж явна. Граж буулгасан аль ч талбайд орон сууцны барилга байгууламж барихгүй. Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж байгуулна” гэсэн юм.
Харин иргэд зөвшөөрлийн бичигтэй гражийг албадан буулгаад нөхөн төлбөр өгөхгүй байгаад гомдолтой байгааг илэрхийлж буй. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэр дээрээ шилжүүлж авсан эзэмшил бүхий гражийг нь албан зөвшөөрөлгүй хэмээн албадан нурааж байгаа. Түүгээр ч зогсохгүй үнэлгээний төлбөр өгөх, гэрээ, тохиролцоо юу ч байхгүйгээр л нэг өдөр ч хүрч ирээд нураадаг нь бухимдал төрүүлж байгаа аж.
ГРАЖИЙГ ЭЗЭМШЛИЙН АНГИЛАЛ ГАРГАХГҮЙГЭЭР АЛБАДАН НУРААЖ БАЙГАА
Газрын тухай хуулиар зөвшөөрөлгүйгээр барилга барьсан, дур мэдэн олон нийтийн эзэмшлийн газар авсан бол Засаг даргын шийдвэрээр граж болон объектыг буулгана гэж заажээ. Харамсалтай нь, нийслэлийн албан хаагчдад ямар ч хамаагүй аргаар хотын даргын шийдвэрийг биелүүлэх нь чухал болохыг ч иргэд хэлж байна. Хүний хөрөнгө мөнгө тэдэнд чухал биш. Дүүргүүдийн тухайд авч үзвэл өнгөрсөн жилийн төлөвлөгөөний биелэлт ихэнх дүүрэгт бүрэн хэрэгжиж дуусчээ.
Граж нь үндсэндээ гурван эзэмшилд хамаарч байгаа юм. Нэгдүгээрт, нийслэлийн зөвшөөрөлтэй. Хоёрдугаарт хувь эзэмшлийн, гуравдугаарт дүүргийн захирамжтай аж. Харин нийслэлийн Засаг даргын шийдвэрийн дагуу эзэмшлээр биш бүсээр нь авч үзэж гражийг буулгаж байгаа аж.
Энэ нь хууль зөрчиж байгааг “Тоосгон граж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах түр хороо”-ноос мэдэгдсэн юм. Иргэдэд нийслэлийн удирдлагыг хуулийн дагуу захирамж гарсны дараа шаардлага өгөх ёстой. Захирамж гарч, шаардлага хүргүүлсний дараа шүүхэд хандах боломж бүрдэнэ. Захирамж гараагүй байхад шаардлага өгсөн нь хууль зөрчсөн үйлдэл болохыг иргэд мөн хэллээ. Тиймээс Баянгол болон бусад дүүргийн иргэд Захиргааны шүүхэд уг асуудлаар өргөдөл өгсөн байна. Ямартай ч албан даалгавраа хүч түрэмгийлэн биелүүлснээр иргэдийн эрх ашиг зөрчигдөх байгааг иргэд дэмжихгүй байгаа аж.
ЗАРИМ ДҮҮРГҮҮДИЙН ТОХИЖИЛТЫН АЖИЛ ДУУСЧ, ЗАРИМ НЬ ТЕНДЕР ЗАРЛАСАН ГЭВ
Сонгинохайрхан дүүргийн 32, 35 хороодод сагсан бөмбөгийн талбай, хашаа, явган зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг суурилуулах ажил, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 3×3 сагсан бөмбөгийн талбай, хашаа, явган зам, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг суурилуулах ажил, Баянгол дүүргийн 3, 9 дүгээр хороодод граж, хайс хашлага буулгаж чөлөөлсөн газарт нөхөн сэргээлт хийж тохижуулах ажлын хүрээнд 3×3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулжээ. Тус ажлуудыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Хот тохижилтын газар” Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тендерт шалгарсан компани хийж гүйцэтгэжээ. Мөн Баянгол дүүрэгт 2021 онд 470, 2022 онд 52 байршилд 1085 граж чөлөөлсөн бөгөөд тус талбайд автомашины зогсоол болон орчны тохижилтын ажлыг үе шаттай хийж байгааг ч онцлов. Тус дүүрэг одоогоор 14 байршилд авто зогсоол хийж, чөлөөлсөн зарим байршилд орчны тохижилтыг бүрэн хийжээ.
Ийнхүү нийтийн эзэмшлийн зам талбайг зориулалтын дагуу ашиглах орчин, нөхцөлийг бүрдүүлж байгаа нь сайшаалтай ч зарим талбайд тохижилтын ажил удааширч байгаа нь иргэдийг хардахад хүрч байгаа юм.
Учир нь иргэдийн өмчийг буулгасан талбайг өөр хэн нэгэн хувийн зориулалтаар ашиглаж магадгүйг иргэд хэлж байна. Тиймээс төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг шардаж эхэлжээ.