Импортын шатахууны 100 хувийн хараат манай улсыг хуурамч шатахуун нийлүүлэлтээр “Трафигура” гэх компани баздагтай улсаараа эвлэрсэн. Олон жил тэмцэл талцал болж байж 2021 онд хуурамч шатахууны гол бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг дагалдах бүтээгдэхүүнд хилийн онцгой албан татвар тогтоохоор УИХ хууль баталсан. Харамсалтай дээсэн дөрөөн дээр дэнжигнэж ядаж яваа Л.Оюу-Эрдэнийн ЗГ хуурамч шатахуун үйлдвэрдэгч мафийн бүлэглэлээс эмээж, сандрахдаа онцгой албан татварын хууль үйлчлэх хугацааг хойшлуулж, 2022 онд гэхэд л төсөвт орох 60 гаруй тэрбумаас сайн дураараа татгалзсан билээ. Тэгвэл “Трафигура”-гийн Э.Жононбаяр нарын Л.Оюун-Эрдэнийг танхимаар нь чичрүүлж УИХ-ын баталсан хуулийн үйлчлэх хугацааг хүртэл хойшлуулж чадсан шалтгаан нь УИХ-ын дарга Г.Занданшатартай холбогдож байна.
Тодруулбал Г.Занданшатар ЗГХЭГ-ын дарга байхдаа сүр дуулиан болж Салхитын мөнгөний ордыг төрд авсанаа зарлан шоудаж эхэлсэн цагаас “Трафигура”-гийн халаасанд багтсан байжээ. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэглэлтээр эхэлсэн ажиллагаа тус ордтой холбоотой 17 шүүгчийн эрхийг хасаж, нийт 911 тэрбумын хаалттай үнэт цаасны арилжаа хийж, ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн байдаг.
Харамсалтай нь, төрд шилжүүлсэн нэрийн дор гэж олон нийтийн ойлгож буй “Салхит”-ын мөнгөний орд эдүгээ олон улсын сүлжээ бизнес “Трафигура” бүх мөнгөний баяжмалаа нийлүүлж байна. Шилэн дансны мэдээллээс харахад, “Трафигура” компани 2020 оны 12 дугаар сараас 2022 оны эхний улиралд “Эрдэнэс силвер ресурс” компани руу Баяжмалын урьдчилгаанд 149.4 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийжээ. Ингэхдээ нийт 6 удаагийн гүйлгээ хийсэн мэдээлэл байршсан байна.
Сонирхолтой нь “Эрдэнэс Силвер Ресурс” нийт 911 тэрбумын хоёр удаагийн үнэт цаасыг хаалттайгаар зах зээлд гаргасан. Тухайн үед үнэт цаасыг арилжааны банкууд авсан талаар мэдээлэгдэж байлаа. Үнэт цаасын төлөлтийг арилжааны банкуудад төлөх зорилгоор 50 сая ам.долларын зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус компани “Трафигура”-тай байгуулсан байна. Ингэснээр “Асгат”-ын орд түүхий эдээ тэр чигт нь “Трафигура”-д үнэгүй нийлүүлдэг хэлбэрт орж, уг баяжмалыг Голландад хүргэн арилжиж байгаа дүр зураг гарч байна.
Өөрөөр хэлбэл хуурамч шатахуун үйлдвэрлэлээр Монголыг базаж Л.ОюунЭрдэнийн ЗГ-ыг чичрүүлж байгаа “Трафигура”-гийн бүлэглэл, Х.Баттулга, Г.Занданшатар нарын хоршилоор төрийн мэдэлд авсан гэх Салхитын мөнгөний ордыг үндсэнд “эзэмшиж” байна.