Нэгдэж, шинэчлэл хийсэн Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын шилдгүүд өчигдөр/2023.03.14/ тодорлоо. Өнгөрсөн жилүүдэд улирлын шилдгүүдийг тодруулах аргачлал, санал нь тодорхойгүй, сагсан бөмбөг сонирхогчдын дунд эргэлзээ, маргаан дагуулдаг байв. Харин энэ улирал статистик үзүүлэлт, багийн амжилт 60 хувь, багуудын дасгалжуулагч, менежерүүдийн санал 40 хувийг эзэлжээ. Энэ талаар лигийн комиссар Ө.Мөнхчулуун ярихдаа “Статистик үзүүлэлт, багийн амжилт нийт жингийн 60 хувийг эзэлсэн бол багуудын дасгалжуулагч, ерөнхий менежерүүдийн санал нийт жингийн 20, 20 хувийг эзэлсэн. Ингэж улирлын шилдгүүд тодорсон. Мөн дээд лигийн түүхэнд анх удаагаа хамгаалалтын чансааг цэвэр тооцоолол дээр гаргасан. Хувь тоглогч, баг бүрийн хамгаалалтын чансааг гаргасан гэсэн үг.” гэв.
Ийнхүү та бүхэндээ үндэсний дээд лигийн 2022-2023 оны улирлын шилдгүүдийг танилцуулъя.
- Шинэ залуу тоглогч – Э.Тулга /Налайх Бизон/
- Зургаа дахь тоглогч – Д.Дөлгөөнмөрөн /М Гарьд/, У.Содцэцэг /Эрдэнэтийн Уурхайчид/
- Амжилт ахисан тоглогч – Ч.Ихбаяр /Архангай Алтан Дорнодын Дайчид/
- Шилдэг хамгаалан тоглогч – Т.Мэндбаяр /Хасын Хүлэгүүд/, Ө.Индра /М Гарьд/
- Шилдэг дасгалжуулагч – Василлис Фрагкиас /Эрдэнэтийн Уурхайчид/, Д.Лхагва /Улаанбаатар Амазонс/
- Шилдэг легионер тоглогч – Пендарвис Уиллиамс /Эрдэнэтийн Уурхайчид/, Кристал Томас /ОТИС Шилүүснүүд/
- Тэргүүн тоглогч – Т.Санчир /Эрдэнэтийн Уурхайчид/ Б.Ариунцэцэг /Улаанбаатар Амазонс/
- Сагсан бөмбөгийн зүтгэлтэн – Г.Нямдорж
Шинэ залуу тоглогчийн шагналыг Э.Тулга маргаангүй авах эрхтэй. Оюутны лигтээ хэдийнэ гайхагдаж, онооны машин байсан түүнийг дээд лигт ингэж тоглоно гэж олон хүн таамаглаж байсан биз. Улирлын эхлэлд түүний аваргуудын эсрэг хийсэн хожлын шидэлт одоо ч Бизоны фэнүүдийн нүдэнд харагдаж байгаа нь лавтай. Плей-оффд ч Э.Тулга Уурхайчидын эсрэг зоригтой сайн тоглосон. Түүнтэй энэ шагналд хамгийн ойр өрсөлдөөнийг ШУТИС Шарксын У.Чингүүн үзүүлсэн байх. Хоёр залуу тамирчин хоёулаа энэ улирал онцгой байж, лигт өнгөрүүлсэн анхны жилдээ бүх одод болсон билээ.
Мөн Ч.Ихбаярын шагнал нүдээ олжээ. А.Ананд, О.Энхбаатар нар улирлын өмнө буурь сэлгэж, Архангайд шинэ лидер хэрэгтэй болсон. Энэ үед Ч.Ихбаяр бусдаасаа онцгойрч, багаа хожилд хөтөлсөөр плей-оффд шалгарсан. Тэрбээр улирлын дундуур тэргүүн тоглогчийн өрсөлдөөнд хүртэл яригдаж байсан билээ.
Хамгаалалтаараа гайхагдаж, эсрэг багийнхаа шилдгүүдийн тоглолтыг хязгаарладаг Хасын Хүлэгүүдийн Т.Мэндбаяр анх удаагаа шилдэг хамгаалан тоглогчоор шалгарлаа. Урьд жилүүдэд багийн амжилт, үзүүлэлт, хамгаалалтын чансааг нь харгалзаж, ил тод шилдгүүдийг тодруулдаг байсан бол Т.Мэндбаяр ганцаар тогтохгүй шилдэг хамгаалагчаар тодрох байсан гэж сагсан бөмбөг сонирхогчид ярьдаг. Харин энэ жил чадвараа үнэлүүлж, хүссэн шагналаа хүртлээ. Шагнал эзнээ олно гэдэг сайхан.
Зургаа дахь тоглогчоор бүрэлдэхүүн зузаантай М Гарьдын Д.Дөлгөөнмөрөн тодорчээ. Гараанд ч гарсан, сэлгээнээс ч тоглосон ялгаагүй тоглолтод нөлөөгөө үзүүлэх чадалтай түүнд энэ шагнал урам болох нь мэдээж.
Бусад шагналыг Эрдэнэтийн Уурхайчид хуу хамав. Үүнтэй хэн ч маргахгүй биз. Улирлын эхнээс лигийг амжилтаараа тасархай тэргүүлж, плей-оффд ч эхний даваагаа хамгийн түрүүнд давсан. Өнгөрсөн жил финалд бүдэрсэн тэд зун зүгээр суугаагүй. Багийнхаа логоноос эхлээд бүрэлдэхүүн, менежментийг бүхлээр нь шинэчилж, энд хүрчээ. Грек дасгалжуулагч Василлис Фрагкиасын арга барил, багаа удирдаж байгаа байдлыг сагсан бөмбөгийн хүрээнийхэн үнэлж, Монголын сагсанд шинэчлэл хийж байгаа гэдэг.
Эцэст нь тэргүүн тоглогчоор Т.Санчир тодорлоо. Тэрбээр үндэсний супер лигийг оруулбал зургаа дахь удаагаа тэргүүн тоглогчоор шалгарсан нь энэ.
Дээд лигийн үе үеийн тэргүүн тоглогчид
- 1994-1995 оны улиралд Т.Түвшинбаяр (Азийн чоно)
- 1995-1996 оны улиралд О.Баярсүх (Алтайн бүргэдүүд)
- 1996-1997 оны улиралд Ж.Майбаяр (Генералууд)
- 1997-1998 оны улиралд О.Болор (Бизнесийн чөтгөрүүд)
- 1998-1999 оны улиралд Ц.Шаравжамц (Тас 1+11)
- 1999-2000 оны улиралд М.Отгонбаяр (А.М-ийн азарганууд)
- 2000-2001 оны улиралд Т.Түвшинбаяр (Азарганууд)
- 2001-2002 оны улиралд Д.Ганцогт (Баганат өргөө)
- 2002-2003 оны улиралд Б.Пүрэвдорж (Хангайн харцага)
- 2003-2004 оны улиралд Лиг завсарлав
- 2004-2005 оны улиралд Г.Ихбаяр (Баганат өргөө)
- 2005-2006 оны улиралд Ш.Сэдбазар (Хасын хүлгүүд)
- 2006-2007 оны улиралд Б.Одбаяр (Шаркс)
- 2007-2008 оны улиралд Д.Бат-Эрдэнэ (Хасын хүлгүүд)
- 2008-2009 оны улиралд О.Сайнбаяр (Хасын хүлгүүд)
- 2009-2010 оны улиралд О.Ууганбаяр(Хасын хүлгүүд)
- 2010-2011 оны улиралд Ц.Мэргэн (Энержи Рэсүрс харцага)
- 2011-2012 оны улиралд К.Уиллиамс (Хасын Хүлгүүд)
- 2012-2013 оны улиралд Б.Одбаяр (Энэржи Рэсүрс харцага)
- 2013-2014 оны улиралд Б.Билгүүн (SBL Хасын хүлгүүд)
- 2014-2015 оны улиралд Д.Мөнхтүвшин (Их өргөө Аравтууд)
- 2015-2016 оны улиралд Т.Санчир (Баянгол Сентоза Ирвэсүүд)
- 2016-2017 оны улиралд Т.Санчир (SBL Хасын Хүлэгүүд)
- 2018-2019 оны улиралд О.Сэргэлэн (SBL Хасын Хүлэгүүд)
- 2019-2020 оны улиралд А.Тэмүүжин (Алдар Танан Гарьд)
- 2021-2022 оны улиралд Б.Билгүүн (Хасын Хүлэгүүд)
- 2022-2023 оны улиралд Т.Санчир (Эрдэнэтийн Уурхайчид)
Сонирхуулахад, улирлын дундуур MVP-ийн өрсөлдөөнийг Уурхайчидын Г.Ган-Эрдэнэ тэргүүлж байсан билээ.
Өнгөрсөн жилүүдэд улирлын, финалын тэргүүн тоглогчийн шагналыг хэрхэн олгодог нь тодорхойгүй байсан бол энэ жил улирлын, плей-оффын шагналуудын зааг ялгааг гаргаж байгаа аж. Тодруулбал, улирлын тэргүүн тоглогч, финалын тэргүүн тоглогч гэж хоёр тусдаа шагнал бий.
Шилдгүүдийн шалгаруулалтаас гадна лигийн тасалбарын үнийн талаар комиссараас тодрууллаа. Үзэгч, фэнүүдийн зүгээс лигийн тасалбарын үнэ хэт өндөр үнэтэй байна гэх гомдлыг тавьж буй. Тэгвэл энэ талаар Ө.Мөнхчулуун "Улирлын тоглолтуудын тасалбарын үнэ плей-оффынхоос даруй нэг дахин бага байсан. Плей-оффын тоглолтууд эхлээд бид үндсэн үнээр нь билетээ борлуулж эхэлсэн. "UG" арена өөрөө маш өндөр зардалтай. Лиг ч өндөр зардалтай. Нөгөөтэйгүүр 10 мянган төгрөгний ч суудал бий. Мөн оюутан, залууст 50 хувийн хөнгөлөлт бий. Ер нь аль болох уян хатан, олон хүнд зориулсан боломжийг нээж байгаа. Олон улсын стандарт нийцүүлж лигээ зохион байгуулахыг хүсч байгаа. Тамирчид, лигийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ болгон дээр үзэгчид минь хүлцэнгүй, ойлгож хандана гэж итгэж байна. Бид аль болох боломжийн, уян хатан үнийг санал болгож байгаа" гэв.