Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин болгон тохижуулж буй. Мөн дүүрэг бүрд спорт цогцолбор барихаар төлөвлөсөн. Эхний спорт цогцолбор Чингэлтэй дүүрэгт ашиглалтад орсон. Цаашид дүүрэг бүрд спорт цогцолбор, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор зорьж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлсэн.
Энэ тухайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар
-Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс “Илүүдэлгүй жингүй эртэч Монгол” уриалгыг гаргаж, аян зохион байгуулах бодлого гаргаж, улс орон даяар хэрэгжүүлж байгаа. Өглөөний дасгал хөдөлгөөн гэдэг бол хүний биеийг цовоо, сэргэлэн, эрч хүчтэй байлгадаг онцлогтой. Эртэч байхын тулд байгалийн хуулиа дагаж, 23:00 цаг гэхэд унтсан байх шаардлагатай. 23:00 цагт унтсан хүн бол өглөөний 06:00 цагт цовоо сэргэлэн сэрнэ шүү дээ. Ер нь өвчлөлийн суурь шалтгаан бол дархлаа алдагдах. Дархлааг сайжруулахын тулд эрт унтаж, эрт босож, дасгал хөдөлгөөн хийх аваас аливаа өвчлөлөөр өвдөхгүй байх магадлал 50 хувь гэж хардаг. Эрүүл байх үедээ өөрийгөө хамгаалах нь нэн чухал.
Улаанбаатар залуусын хот. Тиймээс спортод элэгтэй хот байх ёстой. Хүүхдийн паркаа гоё болгоно
Нийтийн биеийн тамир сууриасаа зөв хөгжих ёстой. Бүх нийтийн оролцоог хангаж, зориулалтын төхөөрөмж бүхий талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг олноор нь бий болгох ёстой. Энэ чиглэлд төр засгийн зүгээс бодит хөрөнгө оруулж, ард иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг өдөөх ёстой. Нийслэлд спорт цогцолбор байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Хүүхэд, залуучуудыг спортын суурьтай болгох, нийтийн биеийн тамираар хичээллэхийн давуу тал, илүүдэл жингийн уршгийг таниулсан, соён гэгээрүүлсэн ажлуудыг ч мөн орхигдуулж болохгүй. Иргэдийг мэдээллээр хангах нь мөн чухал. Сагс, хөл бөмбөгийн спортыг эрчимтэй хөгжүүлэх нь зөв юм. Хөл бөмбөг бол багийн спортын хаан. Тиймээс саяхан Сүхбаатарын талбайд хөл бөмбөгийн талбай заслаа. Ер нь бол Сүхбаатарын талбай хүүхэд, залуус цугласан, чуулсан ийм л орчин байх ёстой. Нийтийн биеийн тамираас салаалсан спортын олон төрлийг нийслэлчүүдийнхээ сонирхолд нийцүүлэн зохион байгуулах болно.
-Орчныг нь бүрдүүлээд өгчихвөл спортоор хичээллэх хүсэлтэй иргэд олон болсон байна. Та энэ чиглэлээр дүүргийн Засаг дарга нарт ямар үүрэг чиглэл өгч байгаа вэ?-Зөвшөөрөлгүй барьсан гарааш болон байгууламжуудыг буулган, ногоон байгууламж, иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч байгаа. Дүүрэг болгон спорт цогцолбортой болохын дээр хөл бөмбөгийн ордон, 3х3 сагсан бөмбөгийн талбай гэхчлэн нийт 160 орчим том, жижиг спорт талбайтай болгохоор зорьж байна. Эдгээрийн 50 хувийг энэ жилдээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өмнөх талбайг тохижуулах, шинээр байгуулах гэх мэт ажлуудад нийтдээ 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай. Энэ жил төсөвт өртгийн тал орчим хувийг гаргаж, дүүрэг болгон 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна. 160 талбайгаас 160 баг гарна. Ирэх 2023 оны сагсан бөмбөгийн тэмцээнд тэр хэмжээний баг бэлтгэгдэн өрсөлдөнө гэсэн хүлээлт үүсэж байгаа юм.
-Энэ долоо хоногт Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн болно. Энэ мэт нийтийг хамарсан олон сайхан тэмцээн уралдаан болоосой гэж хүсэж байна?-Тэгэлгүй яах вэ. Нийт улаанбаатарчуудын хүсэлт ийм. Спортын тэмцээн уралдаанаас гадна соёл урлагийн арга хэмжээнүүд ч маш олон байгаа. Монгол-Япон, Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны ойд зориулсан соёл, урлагийн тоглолтуудыг нэрлэх байна. “Талын салхи” мотоциклчдын уралдаан, Даншиг наадам гээд нийтэд зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулахаар бэлдэж байгаа. Жудо бөхийн “Их дуулга” олимпын эрх авах тэмцээн Улаанбаатараас эхэлнэ. Тоочвол маш олон спорт, урлагийн арга хэмжээ бий. Улаанбаатар залуусын хот. Тиймээс спортод элэгтэй хот байх ёстой. Хүүхдийн паркаа гоё болгоно хэмээлээ.
Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар