Монголын нүүрс Хятадын зах зээлээс “гарч“ магадгүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий
Огноо
Унших
4 минут 19 секунд

Монголын нүүрс Хятадын зах зээлээс “гарч“ магадгүй гэв

Хятад улс 2020 оны төгсгөлд Австрали улсад хаалгаа хааж, Монгол, Индонез, ОХУ зэрэг нүүрсний бусад нийлүүлэгчдэд үүд хаалгаа нээж байв. Өдгөө эсрэгээрээ, Австрали улсад хаалгаа нээж, дотоодын бүх компанидаа тус улсаас нүүрс импортлохын зэрэгцээ гаалийн албаддаа далайн боомтоор ачаа тээвэр нэвтрүүлэхийг зөвшөөрчээ. Энэ оны эхээр Хятадын эрх баригчид томоохон дөрвөн импортлогч компанид Австралиас нүүрс худалдаж авах зөвшөөрөл олгосон байх жишээтэй.

Дэлхийн хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч, хэрэглэгч болох Хятад улсын ган үйлдвэрлэгчид болон цахилгаан станцуудад Австралийн өндөр чанартай нүүрсний эрэлт хэрэгцээ их хэвээр байна.

Хоёр улсын хооронд үүссэн улс төрийн хямралын улмаас албан бус хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээс өмнө Хятад улс Австралийн нүүрсний гол хэрэглэгч байв. Австралийн удирдагчид хоригийг цуцлах нь улс хоорондын харилцааг сэргээх гол алхам болно гэж мэдэгдсэн.

Монгол Улсын хувьд төсвийн орлогод тэргүүлэх байр суурь эзэлдэг нүүрсний экспортыг тэлэх замаар 2023 онд уул уурхайгаас 4.9 их наяд төгрөг буюу нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлэхээр тооцсон. Өдгөө экспортын нүүрсний 96 хувийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлж буй бөгөөд энэ оны улсын төсөвт 36.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн билээ.

Хятад улс өдгөө Монгол Улсыг “шахах” бодлого барьж эхэлсэн тухай мэдээлэл цахимаар цацагдаж, энэ талаар албан ёсны мэдээлэл гараагүй ч бидэнд “анхааруулга” болж байгааг шинжээчид онцолж байна. Тодруулбал, урд хөршийн “TouTiaо” компанийн цахим хуудаст саяхан Монголын нүүрс Хятадын зах зээлээс бүрмөсөн “гарч” магадгүй гэсэн утгатай мэдээлэл тавигджээ. Түүнд тэмдэглэхдээ, үүний гол шалтгаан нь Монгол Улс нүүрс борлуулах гэрээгээ илт зөрчсөнтэй холбоотойг дурдсан байгаа аж.

Тус мэдээлэл “1.4 тэрбум хүн амтай Хятад улсад нүүрсний эрэлт хэрэгцээ их. Өнгөрсөн онд Хятад улс нийт 290 тонн нүүрс импортолсон бөгөөд нүүрс экспортолж буй улс орнуудад томоохон захиалга өгч байна. Түүнийг хангаж чадах эсэх нь улс бүрийн хандлагаас шалтгаална. Хятад улс өмнө нь Австралийн нүүрсийг авахаа зогсоож, Монголын нүүрсийг сонгосон. Гэвч Монголоос гэрээгээ илт зөрчсөн тухай мэдээ ирж, энэ эгзэгтэй үед Хятад улс Австрали улсад тавьсан хоригоо цуцалж, Монголын нүүрс Хятадын зах зээлээс бүрмөсөн гарч магадгүй байна” гэсэн утгатай байгаа гэнэ.

Үүнтэй холбоотойгоор зарим ажиглагчид “Бид өөрсдөө нүд рүүгээ гараа хийчихлээ” гэж дүгнэж буй бол зарим нь улс төрийн болон шашны шалтгаантайгаар Хятад Улсаас Монголд “хориг” тавьж байж болзошгүй гэсэн утгатай байр суурь илэрхийлж байна. Мөн “нүүрсний хулгай”-н хэрэгт Хятадын талын хэдэн арван ажилтан холбогдсон, нөгөөтэйгүүр Монгол Улсын хууль тогтоомж, шийдвэр тогтворгүй, байнга өөрчлөгддөг, тодорхой бус байдагт "хориг" тавьж болзошгүй гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж буй юм.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэний мэдээлснээр, "нүүрсний" гэх хэрэгт сүүлийн 10 гаруй жилийн хугацааны асуудлыг мөрдөн шалгаж байгаа бөгөөд 11000 гаруй тээврийн хэрэгслийг хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдон, шалгалтын ажиллагаа үргэлжилж буй. Энэ мэтчилэн салбар салбарт, шат шатандаа авлига, хээл хахуульд идэгдсэн байхад хамтарч урагш алхана гэдэг хүндрэлтэй байхыг үгүйсгэхгүй.

Ши Жиньпин Москвад айлчлав
Ши Жиньпин Москвад айлчлав
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ