Найз охин, залуу түрээслэх шинэ төрлийн үйлчилгээ Хятадад эрэлттэй байгааг талаар "Chao News" агентлаг сурвалжилжээ. Тодруулбал, "89yn.com" сайтад Муму гэх нууц нэрээр бүртгүүлсэн нэгэн бүсгүйтэй холбогдож энэ талаар тодруулсан байна. Хятадын нэгэн сургуульд бакалавр зэрэгтэй, 29 настай Муму түрээсийн найз бүсгүйгээр "ажиллаад" өдрийн 1000 юанийн хөлс авдаг гэнэ. Тэрбээр түрээслэгчээс 500 юанийн урьдчилгаа аваад, аялал эсвэл хол газар явахаар бол нэмэлтээр 350 юанийн нэмэлт төлбөр авдаг тухайгаа тайлбарлажээ. Мөн гэрээ байгуулахаас өмнө зургийг нь харахыг хүсвэл 20 юань төлдөг байна.
Муму анх удаа гэрээ байгуулахдаа Хятадын Наньжин хотоос Жөнжоу хотод очиж "ажилласан" гэнэ. Тэрбээр оффисын ажил хийгээд сарын 5000 юанийн цалин авдаг бол түрээсийн найз бүсгүйгээр ажилласнаар чөлөөт цаг ихтэй, бүх нийтийн амралтын үе нь ид ажлын үе байдаг гэв.
"Цагаан сар, Тавдугаар сарын баяр, Луун завьны фестивал, Тусгаар тогтнолын өдрүүдээр захиалга дүүрдэг. Эдгээр өдрүүдэд өдрийн түрээсийн төлбөр 2500 юаньд хүрдэг. Ялангуяа цагаан сараар нэг өдөр олон хүсэлт авдаг. Хэдэн жилийн өмнө цагаан сарын баярын 14 хоногт би 40 мянган юанийг олж байсан" гэж ярьжээ.
Хятадын цагаан сарын урт амралтаар залуус гэр бүлийн шахалтаар сохор болзоонд олон явдаг бөгөөд гэрлэлт гол сэдэв байдаг аж. Тиймээс гэр бүлтэй болох дарамт шахалтаас залхсан залуус ийм үйлчилгээг улам эрэлттэй болгожээ. Харин найз залуугийн түрээсийн хөлс өдрийн 1000 юань арай хүрдэггүй байна.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST