Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Наурызын баяр тохиодог бөгөөд казах түмэн энэхүү баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Наурызын баяр нь дэлхий нийтээр хэрэглэж буй цаг тооны хуанлигаар гуравдугаар сарын 22-нд буюу өдөр шөнө хоёр тэнцсэн өдөр тохиодог. 2010 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дэх хуралдаанаар Наурызыг олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО (НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага) Наурыз баярыг “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн байна.
Казах түмэн эл баярыг 1937 он хүртэл өргөн тэмдэглэж ирсэн ч тухайн үеийн улс төр, үзэл суртлын үйл явдал, хүчин зүйлийн улмаас 1990 он хүртэлх хугацаанд тасалдан, түүнээс хойш Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон Казах иргэд олноор аж төрдөг хот, суурин газруудад өргөн тэмдэглэдэг болсон юм.