“Мюзиклын жүжигчин гэдэг шинэ мэргэжил бий болгохын төлөө ажиллана“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Урлаг
Огноо
Унших
12 минут 27 секунд

“Мюзиклын жүжигчин гэдэг шинэ мэргэжил бий болгохын төлөө ажиллана“

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, продюсер Р.Мөнхсайхантай “Айзам 2” хамтлагийн тоглолтын бэлтгэлийн үеэр цаг товлож, ярилцлаа.

-Сар шинийн баярын өмнөхөн Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан. Уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Өөрөө ч мэдээгүй байхад хүмүүс баяр хүргээд эхэлсэн гэж дуулдсан?

-Надад Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал авах тухай албан ёсоор хэлэх хүртэл нэлээд сандарсан. Дараагаар нь өөрийгөө шагнал авна гэдгээ мэдсэн хойноо тайвширсан л даа. Тэр болтол үл итгэж, хэсэг хугацаанд цочирдсон гэхүү дээ.

Хүмүүс фэйсбүүкээр баяр хүргээд эхэлсэн. Миний хувьд дурсамжтай, сайхан өдөр байлаа.

-Ард түмэн таныг “Рок мангас” гэж дууддаг. Тэр утгаараа Төрийн ордонд шагнал авахдаа өмссөн дээл нь хүртэл содон байсан шүү?

-”Үндэсний тэргүүлэгч “Урбан” брэндийн хамт олонд монгол харваачийн хар өнгөтэй дээл захиалж хийлгэсэн. Сар шинийн баяр тохиож байгаа учраас шинэ дээлээ өмсч, Төрийн ордонд орсон. “Үзэсгэлэнт болгогч” хэмээх туулай жил гээд нэр нь хүртэл сайхан. Энэ жилдээ ажил хөдөлмөрийн амжилттай байхыг ард түмэндээ хүсье ээ.

-Саяхан Өмнөговь руу яваад ирсэн сурагтай. Хаана л урлагийн арга хэмжээ болно тэнд л та явах юм?

-Тэнд их чухал ажил болсон. Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Оюу толгой” төслийн гүний уурхайн нээлтийн үйл ажиллагаанд оролцоод ирлээ. Тэнд уран бүтээлчид очиж, уурхайчин залуустаа зориулан ая дуугаа өргөж, тоглолт хийсэн. Уул уурхайн салбарынхны хувьд гуравдугаар сарын 13-нд нэгэн баярын өдөр болж тогтох юм билээ. Анхны баярыг нь хуваалцаж, сайхан концерт зохион байгуулаад ирлээ.

-Тоглолт гэснээс анх ямар тоглолт, арга хэмжээг найруулж байв. Анхны юм бүхэн хөгжилтэй, дурсамжтай байдаг шүү дээ. Төрийн ордонд шагнал авах үеэр 100 гаруй шоу тоглолтыг санаачлан, найруулагч, продюсероор нь ажилласан гэдгийг онцолсон?

-Би театрын найруулагч мэргэжилтэй хүн. ОХУ-ын нийслэл Москвад Оросын Театрын урлагийн академи /ГИТИС/-ийг төгссөн. Арван жилийн сургуулиа төгссөний дараа эстрад хөгжим тоглож байсан учраас ОХУ-д театрын сургууль төгсч ирээд урлагийнхантайгаа ажиллахад сайхан байсан. Яагаад гэвэл тэр үед мэргэжлийн найруулагч цөөн, хамтлаг дуучдын бүтээл шат дамжлага дамжиж олны хүртээл болдог байлаа. Миний хувьд тэр уран бүтээлчдэдээ мэргэжлийн туслалцаа үзүүлж байсан юм болов уу гэж боддог.

Дөрвөн жил театрын тайз техникийг мэргэжлийн түвшинд сурч, мэдсэнээрээ тусалсан юм болов уу. Тэрнээс хойш бүрэн тоо биш ч ер нь 100 шоу, тоглолт бол өлхөн давна.

-Таныг шоу тоглолтоос гадна дуу, киноны зохиолч гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. Гэтэл та маш олон хит дууны эзэн шүү дээ. Нэр дурдвал “Эрхүүгийн хавар”, “Эрх саран”, “Дэндүү сайхан залуу нас” гэх мэт…?

-ОХУ-аас их сургуулиа төгсч ирэхэд надтай арван жилд хөгжим тоглож байсан Ц.Оюунболд маань “Соёмбо” хамтлагт дуучнаар орсон байсан. Тэрний өмнө бид хоёр Монголын рок хөгжмийн эцэг З.Зундарийн санаачлан байгуулсан “Мөнгөн хүрхрээ” хамтлагт орж байлаа. Уран бүтээлчид тэр хаалттай нийгэмд рок хөгжим тоглодог л байсан. Олон юмыг давж байж концертуудаа хийж байсан байх гэж боддог юм. Дараа нь Тамираа маань Улсын циркт бөмбөрчин болсон. Тухайн үед хамгийн мундаг хөгжимчин циркт бөмбөрчин болдог байлаа. Одоогийн “Харанга” хамтлагийнхан тэр чигээрээ “Соёмбо” хамтлагт байсан. Тэнд би анх “Байна уу, байна уу” гэдэг дуу хийж, “Харанга” хамтлагийн Чука найруулгыг нь хийж, тоглосон. Миний анхны дуу тэгж хит болсон.

Тэр үед одоогийнх шиг гар утас элбэг байсангүй. Хүмүүсийн итгэлцэл ч өндөр байсан юм болов уу. Тэрнээс биш хоорондоо уулзана гэдэг хэцүү шүү дээ. Гэсэн ч тэр үед залуус утсаар танилцдаг байсан.

Тэгсэн мөртлөө дурласан охиныхоо нэрийг нь мартчихсан гэсэн утгатай, хошин маягийн түүхтэй жазз рокн роль хэлбэртэй дуу л даа. Үг ая нь хоёулаа минийх.

Анх удаа “Соёмбо” хамтлагийн тоглолтыг найруулж, энгийн хувцастай дуулуулж байлаа. Дарга нараас нь гуйгаад, гадаад сэтгүүлийн зураг аваад ирчихсэн “Оросын цэргийн хамтлаг нь энгийн хувцастай тоглодог юм байна лээ” гээд л…Хааяа "Байна уу, байна уу" дуугаа шинэчилсэн хувилбараар нь зав чөлөө гарвал хамтлагтайгаа тоглоно. Тэр үедээ энэ дуу сонин содон байлаа. Дууны үг, яруу найраг хоёр тэс өөр. Ер нь аян дээр үг хийх, үгэн дээр ая хийнэ гээд хоёр өөр хэлбэр байдаг. “Никитон” хамтлагийн Б.Батчулуунтай хамтран нэлээн дуу хийсэн.

Бидний “Хос хунгийн дууль”, “Нандин шүтээн” гэдэг хоёр дуу сонсогчдод хүрсэн байдаг. Бичсэн хэлбэр нь өөр. Би “Хос хунгийн дууль” дууны шүлгийг нь бичсэн бол Баачка ая хийсэн. “Нандин шүтээн” дууны бэлэн ая ирж, би дууны үгийг бичсэн. Өөр ажиллагаатай л даа.

-Одоо “Айзам 2” хамтлагийн тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа гэсэн үү?

-Зах зээлийн үеэр уран бүтээлчид хэсэг бужигнасан шүү дээ. Бүх хүн ганзганд явж, уран бүтээл хийхэд хэцүү цаг үе байсан. Яг тэр үеэр анхны “Айзам” хамтлаг тарцгаасан. Тус хамтлагийн суурин дээр хөгжмийн зохиолч С.Гантөр “Айзам2” хамтлагийг байгуулсан. "Айзам 2" хамтлагийн дуунууд нь ч ард түмэнд хүрсэн. Тус хамтлагийн тоглолтыг “Зүрх сэтгэлийн минь дуунууд” хэмээн уран бүтээлээр нь нэрлэсэн.

“Айзам 2” хамтлаг поп хөгжмийг арай өөр түвшинд аваачсан гэж боддог. Тухайн цаг үед залуус сонсч, эрч хүч авч байсан хамтлаг. Тэр утгаараа эрхэм уран бүтээлчдийнхээ тоглолтыг найруулж байна.

-“Рок” Мөнхсайханыг хийсэн ажлаасаа илүү хийгээгүй ажлаа нэрлээч гэвэл илүү амар байх?

-Найруулагчийн мэргэжил тайзны ард өрнөдөг. Тийм болохоор олон ч ажил хийж явсан. Телевиз бол нэгдмэл том урлаг. 1930-аад онд "Телевиз бий болж дэлхийн бүх урлаг нэгдэж, бусад нь устана" гэсэн онол хүртэл гарч байсан байдаг. Хэдий тйим зүйл болоогүй ч хөгжим, зураг, кино бүгдийн нийлбэр телевизийн урлаг.

Тийм болохоор телевизийн видео олон нэвтрүүлэг хийсэн. Одоо бол хүн болгон камер бариад видео бичлэг, лайв хийж байна. үүнээс үүдээд онлайн видео соёл бий болж, салбар болгонд нөлөөлж байна. Гар утасны видео гэдэг шинэ төрөл ч гарч байна.

-Таны хувьд яагаад заавал рок хөгжим гэж. Монголд энэ хөгжмийн урсгал харьцангуй хожуу хөгжсөн шүү дээ?

-Монголд 1980-аад онд рок хөгжим хориотой байлаа. Рок гэхээр их муухай, эвгүй, социализмын эсрэг хөгжим гэж ойлгодог. Тийм болохоор рок хөгжмийн тухай тайлбарлаж ярьж явах нь маш хэрэгтэй байсан гэх юм уу. Тэр үед нэг нөхөр “Рок хөгжим ийм учиртай. Үг, ритм нь ийм байна” гэж ярьдаг байлаа. Одоо бол арай өөр болсон. Ерөнхийдөө рок хөгжмийг ойлгосон байх. Гэхдээ бас нарийн мэдэхгүй шүү дээ.

Шинэ залуу рок хөгжимчид бүр өөр болчихсон. Рок мюзик гэснээ хард рок, софт рок, метал рок гэснээ сүүлд рок нь хасагдаад метал мюзик гэх мэт…Гүнзгий хэлбэрээ хэлж байгаа боловч нийт хөгжмийг рок мюзик гэдэг.

Монголын эстрад уран бүтээлчдийг рок уран бүтээлчид гэж ойлгож ирсэн. Эсвэл амьдралын хэв маяг нь гэсэн үг. “Бидний ажил рок байна” гэвэл маш бүтэмжтэй байна гэсэн утгатай. Энэ болгоныг тухайн цаг үед тайлбарлах шаардлагатай байсан. Би “Харанга” хамтлагийг байгуулсан хүний нэг. Хамтлагийнхан “Чи тэр үед рок хөгжмийн талаар аймар их ярьдаг байсан” гэдэг. Би зогсолтгүй л ярьдаг байсан гэдэг. Би “Харанга” хамтлагаас ч өмнө рок хөгжмийг сонирхсон. Арван жилийн сурагч байхдаа манай том ах анх ОХУ-д суралцдаг. Тэгээд надад Лондонгоос ирсэн оргиналь пянз явуулдаг байлаа. Тэр үеийн хөгжимчид сонсъё гээд гуйж сонсдог ховор эд байлаа. Бид рок хөгжимд дуртай болцгоосон. Жинхэнэ монгол рок хөгжмийн суурийг З.Зундарь тавьсан. Хүн болгоны хамгийн сайн мэддэг “Маамуу нааш ир” дууг монгол хүн өөрийн мэдэлгүй сурсан байдаг. Үүнтэй адил “Идэр залуу нас” дууг өөрийн мэдэлгүй сурсан байдаг. Тэр бол Монголын залуусын сүлд дуу байлаа. Хард рок хэлбэртэй, барууны хамтлагуудаас авсан дуу. Анх дугарч байгааг З.Зундарь хийж байсан түүхтэй.

-Одоо цоо шинэ мюзикл дээр ажиллаж байгаа гэсэн үү?

-“Улаанбаатар” чуулгын даргын ажлаа хүлээлгэн өгч, уран сайхны удирдаачийн хувиар шинэ мюзикл тавихаар төлөвлөж байна. Би хөгжим дуртай, театрын мэргэжилтэй хүн учраас рок опера, мюзиклд их дуртай. Би анаж байгаад үздэг. Энэ талаар маш их сонирхдог. Ер нь цаг нь болсон байх гэж бодож байна. Туршилтуудыг ч хийж үзсэн. Мюзикл нь шууд амь хөгжимтэй явдаг. Пнограмаар хийхээр амьгүй болчихдог. Монголд маш сайн хөгжимчдийн баг байгаа. Мюзикл нь өндөр ур чадвар шаарддаг. Дуулж, бүжиглэж, жүжиглэдэг бол мюзизл. Ийм ур чадвартай “Мюзик рүүм” продакшны залуустай хамтран ажиллаж эхэлж байна. Энэ ондоо багтаан багаа бэлдэж байгаад аль улсын ямар зохиол дээр ажиллах вэ. Эсвэл өөрсдөө зохиолоо бичих үү гэдэг шийдвэрээ гаргавал үзэгчдийн сэтгэлд нийцсэн мюзикл үзүүлэх сонирхолтой байна. Энэ бол хошин урлаг, драмын жүжигчин гэдэг шиг шинээр мюзиклын жүжигчин гэдэг мэргэжил Монголд бий болгохын төлөө ажиллаж, олон уран бүтээлий зэрэг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Арын албанаас Оскарын тайзнаа
Арын албанаас Оскарын тайзнаа
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ