УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлахаар болоод байгаа юм. Тэгвэл тус хуульд ямар ямар өөрчлөлтүүдийг тусгах нь зүйтэй хэмээн үзэж байгаа талаар Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн байр суурийг хүргэж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ОЛГОДОГ 20 ХУВИЙН КВОТОО НЭМЭГДҮҮЛЖ, 50:50 РУУ ТЭМҮҮЛЭХ ЁСТОЙ
Эрхзүйч Х.Номингэрэл:
-Сонгуулийн хуульд ам дамжин яригдаж байгаа, олон нийтэд хүлээгдэж байгаа тогтолцооны асуудлууд олон байна. Мөнгөнөөс хэт хамааралтай байгаа одоогийн тогтолцоог өөрчлөх, мөнгөний босгыг багасгаж, энгийн иргэн хүний сонгох сонгогдох эрхээ эдлэх боломжийг олгохуйц сонгуулийн тогтолцоо болон санхүүгийн системийг үүсгэх учиртай. Энэ тал дээр олон дэвшил гарах болов уу хэмээн найдлага тавьж байна.
Би хүйсийн тэнцвэрийн асуудлыг онцолж ярьмаар байна. Дэлхий нийтээрээ шийдвэр гаргах түвшинд женедерийн тэгш байдлыг хангаж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралын онцлог туршлагуудыг бодлого шийдвэртээ тусгах нь чухал хэвээр байна.
Мөн дуу хоолой нь орхигдоод байгаа бүлгийн хүний эрхийн асуудлыг орхигдуулж болохгүй. Иргэд улс төрийн эрхээ эдлэх, түүгээ дамжуулж бусад нийгэм соёлын эрхээ эдлэхэд улсын бодлого ээлтэй байх ёстой. Энэ асуудалд ахиц дэвшил гаргах цаг болсон. Эмэгтэйчүүдийн квотын тухайд одоо байгаа 20 хувь гэдэг тоо дэлхийд байхгүй. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилт 2030 –д тусгаснаар 2030 оноос өмнө бид 50:50 гэсэн үзүүлэлтэд хүргэхийг зорьж байгаа. Тиймээс Монгол Улсын хэмжээнд асар бага байгаа 20 хувь гэдэг квотоо нэмэгдүүлж, 50:50 руу тэмүүлэх ёстой.
ӨНДӨР ТЕХНОЛОГИ ӨНГӨРСӨН ҮЕИЙН ТУРШЛАГАА НЭГТГЭЭД БОДИТ ҮР ДҮН ГАРАХ ЁСТОЙ
АН-ын ҮБХ-ны гишүүн Н.Тэгшбаяр:
-Үндсэн хуулийг "хүчиндэж" өөрчилдөг шиг Сонгуулийн тухай хуулийг хүчиндэж баталж болохгүй. Тус хууль Үндсэн хуультай энэ тэнцүүцэх хэмжээний ач холбогдолтой хууль учраас парламентад суудалтай намууд болоод бусад намуудын төлөөлөлтэй зөвшилцөж, шийдэх ёстой. Миний хувьд бүтэн пропорциналь тогтолцоотой болохыг дэмжиж байгаа. үүний үр дүнд тухайн намын нэр хүнд, жагсаалтад байгаа хүмүүсийн нэр хүнд зэрэгцэж орж ирнэ. Энэ бүхний эцэст сонгогчийн санал гээгдэхгүй болно.
Өнгөрсөн сонгуулиудаар Ардчилсан нам нийт сонгогчдын 40 орчим хувийн санал, МАН мөн 40 орчим хувийн санал авсан байхад парламентад МАН 65 суудал авч ялалт байгуулсан. Энэ бол мажоратор системийн муу үр дүн.
Нэг ёсондоо сонгогчийн санал гээгдэж байгаагийн тод илрэл. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгогч иргэдийн санаа бодлын судалгаа, академик судалгаа буюу хуульд байгаа үг үсэг, өмнөх хуулийн алдаа дутагдал, түүнийг хэрхэн засч сайжруулах талаар бодох ёстой. Мөн сонгуулийн сурталчилгаа явж байхад цахлай шувуу нуурнаас загас шүүрч байгаа мэт нэр дэвшигчдийг хорих 461- рүү ачдаг байдлыг бүрэн зогсоох ёстой.
Хууль, шүүхийн байгууллагад нөлөөтэй этгээд өөрийн өрсөлдөгчөө 461 дүгээр ангид аваачиж хорьчихоод араар нь сурталчилгаагаа хийгээд ялалт байгуулдаг. Энэ бол Монгол Улс сөнөж байгаагийн хэлбэр.
Түүнчлэн СЕХ-д хамгийн шударга, зөв хүнийг оруулж ажиллуулахад анхаарах ёстой. Мөн Улсын бүтгэлийн ерөнхий газрыг УБЕГ шиг болгохгүй бол одоогийн байдлаар Ардын намын бүртгэлийн газар болчихоод байна. Нэрсийг жагсаалтын тухайд заавал МАН-ын хүн заавал нэгт байдаг биш ээлжлэх байдлаар саналын хуудаст бичиж болно. Миний хувьд физикч хүн. Тийм учраас өндөр технологид итэж байна. Гэхдээ хар хайрцагны лизенцийн асуудлыг шалгах, аудитын газраар оруулах ёстой. Хэдий аудитын шалгалт оруулсан ч бүх хүн өндөр технологийг дэмжихгүй байгаа учраас дэмждэггүй хүмүүстээ итгэл төрүүлэхийн тулд гараар давхар тоолж, саналын хуудсыг баталгаажуулах ёстой. Өндөр технологи өнгөрсөн үеийн туршлага нэгдээд бодит үр дүн гарах ёстой.
СОНГОГЧИД САНАЛАА ХААНААС Ч ЦАХИМААР ӨГӨХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛ
АН-ын ҮБХ-ны гишүүн Эрдэнэбат:
-Тухайлбал нэр дэвшигч 14 хоногийн өмнө хандив цуглуулна гэдэг бол тодорхой хэмжээнд санхүүгийн хуримлал үүсгээгүй хүмүүст хүндрэлтэй. Хандив цуглуулах хуулийн хугацаа буюу 14 хоногийн дотор сонгуулийн зардлаа бүрдүүлэх хэмжээний хандив цуглуулж чадахгүй. Тиймээс багадаа зургаан сар түүнээс цааш жилийн хугацаанд хандив цуглуулах боломжийг Сонгуулийн хуульд тугаж өгөх нь зүйтэй. Энэ зохицуулалт орсноор мөнгөтэй хүмүүсээс нэр дэвшигч хараат бус байх боломжийг олгоно. Хоёрдугаарт, тоон гарын үсэг ашиглаж санал авах аргачлал руу шилжих ёстой. Тэгвэл “царцаа нүүдэл”, давхцалууд арилах боломжтой.
Орон нутгийн сонгогчид нэг багаас нөгөө баг руу дамжиж дахин санал өгөх тохиолдол бий. Зураг нь гарахгүй хурууны хээ нь уншигддаг. Энэ мэт энгийн хэрнээ бүдүүлэг алдаа гаргахгүйн тулд E-Mongolia цахим платформоо ашиглаач.
Нэгэнт Цахим хөгжлийн яамтай болсон юм чиь иргэд, сонгогчид саналаа хаанаас ч цахимаар өгөх боломжийг бүрдүүлэх учиртай. Дорнод аймгийн иргэн Дорнод аймагтаа нэр дэвшиж байгаа хүнд санал өгөхийн тулд заавал орон нутагтаа байх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, дэлхийн аль ч өнцөг буланд байсан цахим гарын үсгээ ашиглан санал өгөх боломжийг бүрдүүлэх цаг болсон. Сонгуулийн саналаа өгөхийн тулд заавал тухайн орон нутагтаа байх шаардлага тавих нь Үндсэн хуулийн зарчмаасаа хазайсан зүйл. Тогтолцооны хувьд холимог тогтолцоог дэмжиж байна. Гэхдээ олон зүйлийг тодорхой болгомоор байна. Таамаг төдий баймааргүй байна. Үндсэн хуулиа өөрчлөх юм уу үгүй юм уу, гишүүдийнхээ тоог нэмэх юмуу үгүй юм уу. Хэрэв УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн тохиолдолд 50:50 гэсэн холимог тогтолцоог хэрэгжүүлж болно. Харин гишүүдийнхээ тоог нэмэхгүйгээр одоо байгаа 76 гаа хуваачихвал 38 нь хариуцлагагүй хүн гарч ирэх магадлалтай.
МАН ДАХИН ЭРХ БАРИХЫН ТУЛД СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ БАЙНА
АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү:
-Сонгуулийн тогтолцоо Монгол Улсад маш тогтворгүй байдаг. Үүнээс улбаалаад төр засаг тогтворгүй байх үндэс болдог. Монгол Улс ардчилсан сонгуулийн түүхэнд 2000, 2004 оны сонгуулиас өмнө Сонгуулийн тухай хуульд гар хүрээгүй. Бусад бүхий л УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн тухай хуулиа өөрчилсөн. Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн зорилго нь сонгогчийн эрх ашгийг хамгаалах ёстой. Сонгогчийн санал парламентад гээгдэхгүй, төлөөлөл нь парламентад орох ёстой байдаг. Хоёрдугаарт, сонгогчийн саналыг дундаас нь хулгайлахгүй шударга сонгуулийг зохион байгуулах ёстой.
Харамсалтай нь эрх баригч нам өөрсдөө хэрхэн ялалт байгуулах вэ гэдэг үндэслэлээр Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг. Тиймээс МАН дахин эрх барихын тулд Сонгуулийн тухай хуулийг өөрчилж байна уу гэх болгоомжлол байна.
Сонгуулийн тогтолцоо сонгогчийнхоо эрх ашгийг л хамгаалах ёстой. Сонгогчийн санал гээгддэггүй байх учиртай. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд зааж өгөх ёстой. Ингэхгүйгээр дөрвөн жил болоод Сонгуулийн хуулиа, тогтолцоог өөрчлөөд байж болохгүй. Хамгийн гол нь сонгуулиа шударга зохион байгуулдаг болмоор байна.Санал тоолж байгаа хар машины албан ёсны эрх дууссан уу. Үүнд мэргэжлийн байгууллагын аудит оруулах цаг болсон. Лицензийн асуудлыг нээлттэй ярих ёстой. Мөн сонгууль зохион байгуулах асуудал зөвхөн эрх барьж байгаа намын давуу байдлаар бус иргэдийн төлөөлөл, намуудын төлөөллийн хяналт дор зохион байгуулах ёстой. Сонгууль болоод дууссаны дараа шударга эсвэл шударга бус болсон гэх хардлага дагуулахгүй байх ёстой. Энэ алдагдснаар төрийн хүлээн зөвшөөрөгдөх байдал алдагдаж, үнэ цэн нь унадаг.
Түүнчлэн сонгуулийг зардал багатай зохион байгуулмаар байна. Жирийн ямар ч иргэн сонгогдох эрхээ эдлэх боломжийг Улс төрийн намууд бий болгох ёстой.
Энэ нь Сонгуулийн хуулиас эхлэлтэй. Сонгуулийн зардлыг СЕХ-ноос өндөр тогтоосон байдаг. Үүнийг өөрчлөх шаардлагатай. Мөнгөний сонгууль явагддаг учраас мөнгөтэй бүлэглийн төлөөлөл УИХ-д сууж байна. Сонгогдох ёстой эрдэмтэй, мэдлэгтэй хүмүүс парламентад орж чадахгүй байна. Мөнгөний сонгуулиас татгалзахын тулд Улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох ёстой. Улс төрийн нам эрх мэдэл зардаг ломбард шиг байж болохгүй.
АВЛИГЫГ ГУРВАН ЖИЛ ЗӨВШӨӨРЧ, НЭГ ЖИЛ ХОРИГЛОЖ БАЙГАА НЬ ЛОГИКИЙН АЛДАА
АН-ын ҮБХ-ны тэргүүлэгч гишүүн Ж.Баярмаа:
-Сонгуулийн тухай хууль бол маш чухал хууль. Аливаа зүйлийн эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг бүх зүйлийн суурь хууль юм. Тийм учраас маш зарчмын олон өөрчлөлтүүдийг тусгах ёстой. Монгол Улсын төр түшилцэж байгаа эрхэмүүдэд иргэд сэтгэл ханамжгүй байгаа нь Сонгуулийн тухай хуулиас үүдэлтэй.
Манайх парламентын засаглалтай улс учраас парламент гэж юу вэ гэдгээс л эхэлмээр байгаа юм. Парламент төлөөллийн байгууллага юм бол энэ үүргээ хангаж чадаж байгаа эсэийг эргэж харах цаг болсон.
Өнөөдөр хэрэглэж байгаа мажоритар систем бол төлөөллийн шаардлагыг огт хангаж чадахгүй байна. Учир нь өнгөрсөн удаа болсон найман УИХ-ын сонгуулийн долоог нь мажоритар тогтолцоог хэрэглэсэн. Гэтэл МАН эдгээр найман сонгуулийн турш нийт сонгогчдын санал авсан байдал нь 47 хувь байдаг. Гэтэл цаана нь үлдэж байгаа 53 хувь нь өөр өөр нам, нэр дэвшигчдэд саналаа өгсөн гэсэн үг. Үүнээс харахад иргэдийн санал бодол өөр өөр байгаа нь парламентад огт тусгалаа олохгүй байна. Тиймээс иргэдийг төлөөлөх эрхийг хангахын тулд пропорциналь элемэнт бүхий холимог тогтолцоог оруулах учиртай.
Хэрэв 100 хувь пропорциналь тогтолцоогоор УИХ-ын сонгуулийг явуулах юм бол газар нутгийг төлөөлөх байдал нь алдагдана. Сонгуулийн тогтолцооны олон хувилбар бий.
Судалгаанаас харахад хамгийн муу тогтолцоо нь одоогийн хэрэглэж байгаа олон мандаттай мажоритар тогтолцоо гэх дүгнэлт гарсан. Гэтэл манайд хамгийн муу тогтолцоог хэрэгжүүлээд 30 жил болчихлоо. Одоо солих цаг болсон. Дараагийн чухал асуудал улс төр дэх мөнгөний нөлөөг яаж бууруулах вэ. Сонгуулийн хуульд мөнгөний нөлөөг бууруулах оролдлого хийж тусгасан. Гэхдээ дараагийн сонгууль болохоос жилийн өмнө элдэв мөнгө, элдэв эд материал тараахыг хориглосон. Энэ байдлыг олон улсад сонгуулийн авлига гэж үздэг. Гэтэл сонгуулийн авлигыг гурван жил зөвшөөрч, нэг жил хориглож байгаа нь логикийн алдаа.
Сүүлдээ МАН-ын бүлгийн дарга нь дугтуйтай мөнгө баруун солгойгүй цацаж байна. Хуулийн хориглолт тавиагүй гурван жилд сонгуулийн үеийн авлигаа тараачихаар дахиад л сонгогдоно шүү дээ.
Энэ бол тухайн нэр дэвшигчээс өгч байгаа авлига. Гэтэл улс төрийн намын зүгээс өгдөг авлига ч бий. Үүнийг эрх баригч нам яаж ашиглаж байна гэхээр Засгийн газраар дамжуулж бодлого хэмээн халхавчилж иргэдээ авлигаддаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн жилд элдэв халамжийн бодлого гаргаж ирдэг. Тухайлбал, МСҮТ-ийн оюутнуудын сарын тэтгэмжийг нэмэх, малчдад мөнгө тараах, төрийн албан хаагчдын цалинг удаа дараа нэмэх, хувьцааны ногдол ашиг тараах нь сонгуулийн үеийн авлигад тооцогддог. Үүнийг хэн ч ярихгүй, хөндөхгүй байна. Эрх баригч нам засгийн эрхийг барьж байгаагаа далимдуулж албан ёсны авлига тараах байдлыг одоо хэлэлцэх Сонгуулийн хуульд заавал оруулах ёстой.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ НУУЦ ХЭВЭЭР БАЙНА. ЯАРАЛТАЙ ИЛ БОЛГО
АН-ын ҮБХ-ны гишүүн О. Чулуунбилэг:
-Сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт тусгах талаар санал хэлэх боломжгүй нөхцөл байдахл үүсээд байна. Учир нь тус хуулийн төсөлтэй хэн ч танилцаагүй нууц хэвээр байна. Тийм учраас уншиж танилцаагүй хуулийн төсөл дээр ямар байр суурь илэрхийлэхээ мэдэхгүй байна. Хэлэлцэх гэж байгаа хуулийн төслөө олон нийт, эрдэмтэн судлаачдад нээлттэй танилцуулж, ярилцах ёстой.
Гэтэл эрх баригчид энэ удаагийн хаврын чуулганаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа боловч цаасан дээр буулгасан хуулийн төслөө үзүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна.
Иргэд, олон нийтээсээ нууцалж байгаад зөвхөн УИХ-ын 76 гишүүний хүрээнд хэлэлцүүлэх нь алдаа болно. Энэ асуудалд Ардчилсан нам ч идэвхитэй оролцох ёстой. Гэтэл ардчилсан намыг төлөөлж байгаа УИХ-ын зарим гишүүн Сонгуулийн тухай хуулийн төслийг үзээгүй байна. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүддээ хаалттай байна. Хуулийн төслөө ил болгочихвол бид байр сууриа тодорхой баримт нотолгоо, судалгаан дээр үндэслэн илэрхийлэх, хамгаалах, байр сууриа илэрхийлэх боломжтой болно.