Цаг хугацаа бүхний шүүгч гэдэг. Цагтаа бусдыг хулгайч, худалчаар нь дуудаж явсан Т.Аюурсайхан өөрөө улсаасаа хэрхэн хулгайлсныг, тэрбээр “алтан толгой, мөнгөн бөгстэй” болтлоо баяжсаныг, террорист гэгдэж шоронд хоригдсон М.Энхсайханы боловсруулсан төслийг З.Энхболд ямар шалтгаанаар унагаж, яагаад Тавантолгойг та бидэнд үлдээсний учрыг, нарийн царигтай биш өргөн царигтай төмөр зам барих гэж улайрсан Х.Баттулгын цаадах захиалга, даалгаврыг одоо л монголчууд нэг юм ойлгохтойгоо болжээ. Үүнийг монголоор үнэнд гүйцэгдэнэ гэдэг. Англиар “Karma is for you”.
Тэдний хулгайлсан, зувчуулсан, алга болгосон алдсан боломжууд, улсад учруулсан хохирол дор хаяж 80 их наядаар тооцогдсон. Наян их наяд гэдэг нь Монгол Улсын дөрвөн жилтэй тэнцэх мөнгө. Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлэхээр зарласан “Шинэ сэргэлтийн бодлого”-д шаардлагатай 120 их наядын дөрөвний гуравтай тэнцэх хөрөнгө.
1.
Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Шинээр барьсан төмөр замууд одоогоор эдийн засгийн эргэлтэнд орох боломжгүй байна. Учир нь төмөр зам дээр нь явах вагон, зүтгүүр алга. Шинэ барьсан төмөр замууд БНХАУ-ын талтай холбосон холболтын төмөр замгүй буюу мухар төмөр зам болчихоод байна” гэжээ. Ядаж мухар төмөр зам барьснаа хүлээн зөвшөөрсөн нь яамай.
Ингээд Монгол Улс өмнөх овоолсон шороон дээрээ экспортын төмөр зам нэртэй төмрийг сэгтэй үлдэв. Төмөр зам нь асар өндөр зардалтай. Ашиглаж, эргэлтэд оруулж байж л ашиг орлогоо нөхнө, эдийн засгийн үр шимийг нь хүртэнэ. Харамсалтай нь, Х.Баттулгын оффтейк гэрээгээр бариулсан төмөр замууд нь ашиглалтад орсон ч ачаа тээвэрлэх ямар ч боломжгүй Монгол Улс мухардалд орчхоод байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг тухайн үеийн ҮАБЗ-ийн /Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар/ гурав нууц зөвлөмжийн дагуу түмэн цэргээр бариулсан юм. Төмөр замын нийт санхүүжилт нь 1.4 их наяд. Нэг киломемтрыг нь хоёр орчим сая ам.доллараар барьсан уг төмөр зам өртөгөө нөхөх нь бүү хэл өрөнд оруулсан. Жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэхийг нь Женко өөрөө ч таашгүй. Хорин жилийн дотор 13.5 их наяд төгрөг олно гэсэн уг төмөр зам ашиглалтад ороод жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл экспортын гэх үндсэн зорилгоо хангасангүй.
Тэгвэл Гашуунсухайтын төмөр замыг нэг километрыг нь 1.46 сая ам.доллараар “Бодь интернэшнл" барьсан. ТУЗ-ийн дарга Д.Баясгалангийн хэлснээр төслийн нийт санхүүжилт нь нэг тэрбум таван сая /1,005.6 сая/ ам.доллар болжээ. Монгол мөнгөөр тооцвол бараг дөрвөн их наяд шахуу хөрөнгөөр Гашуунсухайтын мухар төмөр замыг барьсан гэсэн үг.
Уг мухар төмөр замыг Хятадын төмөр замтай холбоход хамгийн багадаа хоёр жил болно. Багагүй хөрөнгө мөнгө ч хэрэгтэй болно.
Уг нь Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд урагшаа нарийн, хойшоо өргөн царигтай төмөр зам барих УИХ-ын дүгээр тогтоол гарсан байдаг. Гэвч, уг тогтоолыг “Үндсэн хуулийн 1.2”-г зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан хүн нь хэн гээч, өнөөх оргон зайлсан Н.Удаанжаргал гэгч. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж АТГ-аас яллагдагчаар татсан. Шинэ төмөр замын төслүүдийг шалгавал юун Хөгжлийн банкны хэрэг, юун нүүрсний хулгай болох биз. “Атар” талхыг нь 20 мянгаар шагласан, шахсан гэхээр.
2.
УИХ-ын Б.Энхбаяр 14 компаниараа дамжуулан Төрийн сангаас зээл аваад төлөөгүй Хөдөлмөрийн баатарын талаар мэдээлсэн. Тэгвэл хаана төрийн хулгай дээрэм, тонуул, луйвар гарна, тэр бүхэнтэй нэр холбогддог нэг хүн бий. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Х.Баттулга явсан газар балагтай гэж шинэ хэлц хүртэл гарчихсан.
Хөгжлийн банкийг тоносон гэх хэрэгт түүний зөвлөх Ц.Ууганбаяр “Нью яармаг хаусинг прожект” компаниараа дамжуулан 142 тэрбум төгрөг барьцаагүй зээлчихсэн. Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмаа МоАХ-ны газрыг барьцаанд тавьж зээл авсан, 27 байр “завшсан” гэх хэрэгт буруутгагдаж буй. Чингэхдээ Х.Баттулгын гарын үсгийг дурайлгасан л гэх.
Яг үнэндээ, Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зураад зээл авах том зүрхтэй хүн Монголд Х.Баттулгаас өөр байхгүй.
Тэрчлэн нүүрсний хулгайн хэрэгт мөн экс Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр “зүүгдээстэй”. А.Адъяасүрэнг анх Ерөнхий сайд нүүрсний хулгайч гэж нэр цохсон мөртлөө Ажнайгаар туг тахьсан нь Х.Баттулгатай холбоотой ч байж мэднэ. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэж үгтэй. Хэрэвзээ, Х.Баттулга дээрх хэргүүдийг үйлдээгүй юм бол түүнийг захын хар овоохой болгохоо болих хэрэгтэй. Харин хэрэг хийсэн нь үнэн аваас түүнийг нь нотлоод зогсохгүй улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх шаардлагатай. Х.Баттулга эх оронч байх эсэхээс үл хамаараад эдийн засгийн хохирлыг нь түүнээс нэхэх нь Л.Оюун-Эрдэнийн яриад амлаад байгаа шударга ёс юм, уг нь.
3.
С.Бямбацогт мухар төмөр замуудаа яаралтай холбоход салбарын сайдын хувьд анхаарч байгаа гэжээ. Гэхдээ хөрөнгө мөнгөнөөс эхлээд бэрхшээл цөөнгүй. Өргөн царигтай төмөр замаар баялгаа тээвэрлэх вагоноо Оросоос авна. Орос нь ядаж дайн байлдаантай байдаг… Хонх дуугарахаар нь дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг.
Засгийн газар таван Ш ажиллагааны хүрээнд гадаадад оргон зайлсан нөхдүүдээ баривчилж авчирч байгаа гэх. Авлигын загалмайлсан эцэг Т.Бадамжунай лав баригдсан бололтой. Араас нь Ч.Сайханбилэгийг авчирна гэж байна. Ч.Сайханбилэгийн хувьд хулгайж, луйвардаж, тонож, дээрэмдсэнээрээ Х.Баттулгын дэргэд бараг Будда. Үнэндээ Дубайн гэрээг байгуулсны үр дүнд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж байна. “Эрдэнэт” үйлдвэр зуун хувь Монголынх болсон нь Ч.Сайханбилэгийн гавъяа мөн үү мөн. Эсрэгээрээ Х.Баттулгын хувьд энэ улсад ямар гавъяа байгуулсан бэ. Барьсан төмөр зам нь мухар. Банк, сангуудыг тоносон хэрэгт байнгын нэр холбогдоостой. Ингэхэд “эх оронч” Х.Баттулгаас эдийн засгийн хохирлоо хэзээ нэхэх вэ.