ХЗБХ: Шүүхийн сахилгын хорооны 2022 оны тайланг сонслоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
24 минут 14 секунд

ХЗБХ: Шүүхийн сахилгын хорооны 2022 оны тайланг сонслоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.18) хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Эхлээд Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонсов.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлж байхаар заасан байдаг.

Шүүхийн сахилгын хороо Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах, шүүгчийн ёс зүй, сахилгын зөрчил, түүнд тохирох хариуцлагыг шударгаар оногдуулах зарчмыг баримтлан ажилласан болохыг Х.Хашбаатар дарга танилцуулав.

Шүүхийн сахилгын хороо 2022 онд гишүүдээ мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулах, шинэ байгууллага учир үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм, журмуудыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулан батлах, төрийн захиргааны албан хаагчдыг мэргэшүүлэх багц сургалтад хамруулах, төрийн захиргааны албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг батлуулах, үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангах үүднээс цахим хаягийг ашиглалтад оруулах, олон улсын байгууллагуудтай гадаад харилцааг хөгжүүлж хамтарч ажиллах уулзалт, арга хэмжээг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болохоо онцолсон. Мөн хүлээн авсан өргөдөл, мэдээллийн 96.5 хувийг шийдвэрлэсэн байна.

Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын алба нь гурван хэлтэс, 26 албан хаагчтайгаар чиг үүргээ гүйцэтгэн ажилладаг байна. Тус ажлын албаны хүний нөөц бүрдүүлэх, тэдгээрийг чадавхжуулах, мэргэшүүлэх, ур чадвар, багаар ажиллах чадамжийг дээшлүүлэх, төлөвшүүлэх болон хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хуулиар хүлэзсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан болохыг Х.Хашбаатар дарга танилцуулсан.

2022 онд тус байгууллагын төсвийн зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр 3.528.9 сая.төгрөгөөр батлагдаж. гүйцэтгэлээр 3.413.9 сая. төгрөгийг зарцуулж, төсвийг 115.0 сая төгрөгөөр буюу 3.3 хувиар хэмнэж, төсвийн хөрөнгийг үр ашиггай захиран зарцуулсан гэв. Улмаар төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд туссан худалдан авах ажлыг зохих хугацаанд нь амжилттай зохион байгуулсныг дурдлаа.

Түүнчлэн гадаад орнуудын адил чиг үүрэгтэй байгууллага болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоон, бэхжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр ажилласан талаараа дэлгэрэнгүй танилцуулав. Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа болон шүүгчдийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, өргөдөл, мэдээллийн шийдвэрлэлт, сахилгын хорооны хуралдааны шийдвэрийн талаар ил тод, нээлттэй, шуурхай, үнэн зөв мэдээ, мэдээллийг байгууллагын албан ёсны www.judiscom.mn цахим хуудас болон нийгмийн сүлжээгээр дамжуулан тухай бүр нь олон нийтэд хүргэсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн сахилгын хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгчийн сахилга, хариуцлагын асуудлаарх өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, хэрэг маргааныг дангаар болон хамтын зарчмаар хянан хэлэлцэж, илээр санал хураан, олонхын саналаар шийдвэрлэдэг бөгөөд 2021 оны үлдэгдэл 151 өргөдөл, мэдээлэл, тайлант хугацаанд 311 өргөдөл, мэдээлэл хүлээн авч нийт 462 өргөдөл, мэдээллийг шийдвэрлэжээ.

Дээрх хүлээн авсан 462 өргөдөл, мэдээллийн 201 нь сахилгын хэрэг үүсгэж, 245 өргөдөл, мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 16 өргөдөл, мэдээлэл он дамжин шийдвэрлэгдсэн байна.

Иргэдээс ирүүлж байгаа өргөдөл, мэдээллийн 346 буюу 75 хувь нь хориглосон, 106 буюу 20.4 хувь нь үүрэг болгосон, 10 буюу 4.6 хувь нь хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн гэх агуулгатай байжээ. Түүнчлэн өргөдөл, мэдээллийг шүүхийн харьяаллаар нь авч үзэхэд орон нутгийн 117, нийслэл болон дүүргийн 147, давж заалдах шатны 35, хяналтын шатны 26 шүүгч нэр холбогдсон байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлд Шүүхийн сахилгын хорооны хуралдааны шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан эсэргүүцэл, гомдлыг тус хорооны Хянан үзэх хуралдаанаар дахин хэлэлцэхээр заасан. Үүний дагуу тус онд Шүүхийн сахилгын хорооны магадлалд илтгэгч гишүүнээс нэг эсэргүүцэл, сахилгын хэргийн оролцогчоос 15 гомдол гаргасныг хянан хэлэлцэн, 9 гомдол, 1 эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн сахилгын хорооны магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэн, хяналтын тогтоол гаргасан байна.

Тайлант хугацаанд шинээр сахилгын хэрэг үүсгэсэн 201, гомдол шийдвэрлэх хуралдаанаар сахилгын хэрэг үүсгэсэн 29, өмнөх оны үлдэгдэл сахилгын хэрэг 72, сахилгын хэргээс тусгаарлаж шинээр үүсгэсэн 8, нийт 310 хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэжээ. Шүүхийн сахилгын хорооноос нийт 40 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан ба хаалттай сануулах 3, нээлттэй сануулах 14, цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах 17, шүүгчийн бүрэн эрхийг гурван cap хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, 1 шүүгчид сургалтад суухыг даалгасан бол 5 шүүгчийг огцруулсан байна. Шийтгэл оногдуулсан шийдвэрийн 50.1 хувь буюу 2 шүүгчид оногдуулсан сахилгын шийтгэл хүчин төгөлдөр болсон байна.

Х.Хашбаатар дарга “Хороо нь шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэл, түүнийг олон нийтийн итгэлийг хүлээх талаар идэвх чармайлт гарган ажилласан. Шүүгчийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлж, тэдний сахилгын зөрчлийг хөндлөнгийн нөлөөллөөс ангидаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж, оногдуулах хариуцлага, шийтгэлийг бодитой болгох, шүүх засаглалын нийтлэг сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажилласнаар Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа жигдэрч байна” гэлээ.

Байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, цахим шилжилтийн ажлын хүрээнд цахим гарын үсэг ашиглах болон иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, гомдлыг хүлээн авч бүртгэх буюу сахилгын хэргийн бүртгэл, хяналтын системийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа гэв. Уг систем нэвтэрснээр тайлан, мэдээ хурдан шуурхай гарах, сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, зсэргүүцэл, санал, хүсэлтийг шийдвэрлэх даргалагч, бурэлдэхүүн, илтгэгч гишүүнийг томилох ажиллагааг системээс тойрог дотор санамсаргүй тохиолдлоор, цахимаар хуваарилж, гишүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх ач холбогдолтой аж. Иймээс Шүүхийн сахилгын хорооны хараат бус, бие даасан байдал, материал хангамжийг бэхжүүлэх хүрээнд өөрийн албан ажлын байртай болох, байгууллагын стратеги төлөвлөгөө болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах стратеги төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагын талаар Х.Хашбаатар дарга танилцуулсан.

Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Шүүгч нарын санаатай болон санаандгүй мэргэжлийн алдааг шийдвэрлэх арга шийдлийн талаар тодруулсан гишүүний асуултад Х.Хашбаатар дарга хариулахдаа “Шүүгчийн мэргэшлийн хороо энэ асуудлыг шийдвэрлэдэг байсан, Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаар тус мэргэшлийн хорооноос хяналт тавьж, шийдвэрлэдэг байсан асуудлуудын зарим нь Шүүхийн сахилгын хороонд чиг үүрэг нь шилжиж ирсэн. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд 40 заалтаар шүүгчид хориглох зүйлийг нарийвчилж, зохицуулсан байдаг. Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг дүгнээгүй тохиолдолд шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалттай” гэдэг хариултыг өгөв. Тус хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх нь шүүхийн шийдвэртэй холбоотой байдаг бөгөөд цаашид шүүгчийн мэргэжлийн алдаатай холбоотой асуудлыг хуульчлан, зохицуулах шаардага бий гэдэг саналыг хэлсэн.

Байнгын хорооны гишүүд ийнхүү Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайлантай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа тайлантай холбогдуулан үг хэлэв. С.Одонтуяа гишүүн, нэн тэргүүнд мэргэжлийн болон ёс зүйн өндөр шалгуурыг давсан нэгэн шүүгч болдог гэдгийг бүх тал анхаарах ёстойг санууллаа. Нийгэмд болзошгүй гэмт хэргийн талаарх мэдээллийг түгээж, олон нийтээр урьдчилсан хэлэлцүүлсний дараа шүүх шийдвэр гаргах болдог тохиолдлууд ч шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд дарамт учруулж, нөлөө үзүүлдэг байх эрсдэл бий гэдэг байр суурийг илэрхийлсэн. Нөгөөтээгүүр, гэмт хэрэгт сэжиглэгдсэн нэг хүний эсрэг мөрдөх байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх гээд төрийн дөрвөн том тогтолцоо ажилладаг учраас хүний эрх, эрх чөлөө хангах асуудлыг байнга бодож, ажиллах ёстой гэдэг саналыг хэлсэн. Ш.Адьшаа гишүүн, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг дэмжих шийдэл, шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн бол Ц.Сандаг-Очир гишүүн, манай улс нийтдээ 511 шүүгчтэй байхад жилийн хугацаанд 462 өргөдөл, гомдол ирж байгаагаас шүүгчид сахилга батынхаа асуудалд дүгнэлт хийх хэрэгтэйгийн илрэл гэдэг байр суурийг илэрхийлсэн. Шүүгчдийн мэргэжлийн алдаатай холбоотой шийдвэрүүдийн талаарх асуудлыг Б.Пүрэвдорж гишүүн хөндөөд, Шүүгчийн сахилгын хорооны үйл ажиллагааны тайлан нь нийт шүүгчдэд сахилгын алдаа гаргахгүй байхад анхаарах дохио болж, сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн.

Ийнхүү Байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн сахилгын хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Байнгын хорооны тогтоолуудыг батлав

Хуралдаанаар үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.

Дээрх хугацаанд тус Байнгын хороо Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар зарим асуудлыг тодруулж, хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны тогтоолын төслийг батлах нь зүйтэй хэмээн дэмжиж, “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” тогтоол батлагдав.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Дараа нь “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжснээр “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тавьсан асуултын хариуг сонсов

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “Ажлын хэсгийн дүгнэлтийг тодруулах тухай” тавьсан асуултын хариуг сонслоо.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг 2022 оны аравдугаар сарын 3-14-ний хугацаанд Монгол Улсад ажиллаж, төрийн албан хаагч, шүүгч, прокурор, хуульч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид болон бусад оролцогч талуудтай уулзаж, ярилцлага хийсэн байна. Тус ажлын хэсгээс “Дур зоргоор саатуулахаас хамгаалах эрхийг хангах тал дээр Монгол Улсын эрх зүйн орчин мэдэгдэхүйц сайжирсан. Цаашид уг эрхийг бататгах тал дээр зогсолтгүй урагшлах нь чухал” хэмээн дүгнэж 2023 оны аравдугаар сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийснийг Х.Нямбаатар сайд танилцуулсан. Уг хэвлэлийн бага хурлаар танилцуулсан мэдээлэлд, Монгол Улсын Засгийн газраас олон шинэчлэл хийсэн боловч шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих асуудал онцгой тохиолдол гэхээсээ илүү жирийн үзэгдэл хэвээр байгааг дурдсан байна. Мөн цагдаагийн байгууллага хуульч байлцуулахгүйгээр иргэдээс байцаалт авдаг байдал хэвшмэл болсныг, мөрдөгч, прокурор асар их хяналтгүй эрх мэдэл эдэлж байхад талуудын тэгш байдлыг үл тоомсорлон шүүгчдэд зохих эрх зүйн бүхий л баталгааг хангаж өгөхгүй байгааг шүүмжилсэн байна. Мөн дагнасан шүүх байхгүй, шүүхийн боловсон хүчний хомсдол, ажлын хэт их ачаалал зэргээс үүдэн шүүхийн тогтолцоо асар их дарамтад орж байгааг шинжээчид онцолсон. Түүнчлэн “КОВИД 19” тахалттай тэмцэхэд хэрэглэж байсан хуулийн зохицуулалтыг оновчтой бус тайлбарласнаас эсхүл томьёолол нь тодорхой бус байснаас хүний эрх хамгаалагчдын хууль ёсны ажилд саад болох, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, цуглаан эвлэлдэн нэгдэх, эрх чөлөөг хязгаарлахад ашиглагдаж болзошгүй байгаа талаар дүгнэсэн байна. Дээрх ажлын хэсгийн гаргасан мэдээлэлтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж ирүүлсэн асуултын тайлбарыг дараах байдлаар танилцуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах зохицуулалтыг тусгайлан хуульчилсан. Хуульд тусгайлан заасан тохиолдлын дагуу прокурорын хяналт дор, шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнийг баривчилдаг. Тодруулбал, сэжигтнийг гэмт хэрэг үйлдэж байх үед эсхүл үйлдсэн дор нь барьсан, хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд, мөн гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч хохирогч гэж шууд заасан, тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн зэрэг дөрвөн тохиолдолд мөрдөгч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилдаг байна. Харин хойшлуулшгүй тохиолдлыг хүний амь нас эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг устгах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгаа тохиолдлыг ойлгохоор хуульд тодорхойлсон.

2021 онд шүүхийн шийдвэргүй баривчилсан сэжигтний 14.3 хувийг гэмт хэрэг үйлдэж байх үед эсхүл тэр дор нь барьсан, 9.4 хувийг тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ур мөр илэрсэн тохиолдолд, 29 хувийг гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч хохирогч шууд заасан тохиолдолд, 47.3 хувийг хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд баривчилсан бол мөн нийт 58132 хэрэг шалгаж, хойшлуулшгүй тохиолдолд 908 сэжигтнийг баривчилснаас 878 сэжигтнийг дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан талаарх тоон мэдээллийг Х.Нямбаатар сайд танилцуулав.

Хүний эрх, эрх чөлөөг хангаж мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгын хүрээнд дээрх сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагаа нь 24 цагийн прокурорын хяналт дор явагддаг байна. Харин хууль бусаар баривчилсан бол прокурор нэн даруй суллахаар хуульд заасан.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг баримтлан албан хаагчдад ажлын үр дүнг дүгнэн, хууль тогтоомжид заасан урамшуулал олгодог. Харин сэжигтэн, яллагдагчийг олноор нь баривчилсан, цагдан хорьсон нь мөрдөгчийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт болон цалингийн урамшуулал олгох үндэслэл болдоггүй гэдгийг асуултын хариуд мөн онцолжээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ч, төсөл санаачлагчид нь буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан байсан өөрчлөлтийн талаар танилцуулсан. Сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үйл явц нь амралтын өдрүүд таарч, шүүхээр шийдвэрлүүлэхэд хүндрэл үүсэж, үүнээс улбаатай ялангуяа сэжигтнийг баривчлах хугацаа хэтрэх тохиолдол гарч болзошгүй байдаг. Үүнтэй холбогдуулан энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс шүүхийн зөвшөөрлийг амралтын болон бүх нийтийн амрах өдрүүдэд авч хэрэгжүүлэх тухай 24 цагийн шүүх ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байжээ.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт улс орны буюу тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиосон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаалт цуглаан хийхийг хориглохоор заасан байдаг. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт гудамж талбайд жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг сум дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлэхээр заасан. Монгол Улсад 2020 онд 237, 2021 онд 178 удаагийн жагсаал цуглааныг иргэд олон нийтийн байгууллагаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөгөө эдэлж, зохион байгуулж явуулсан бөгөөд цагдаагийн байгууллагаас Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас гаргасан шийдвэрийн дагуу “КОВИД 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх зөвлөмж, шийдвэр, хуульд заасан үүргийн хүрээнд уул ажиллагааг болон оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах, олон нийтийн хэв журмыг сахиулах ажиллагааг явуулсан. Дур зоргоор баривчлах саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг нь эцсийн дүгнэлттэй 2023 оны есдүгээр сард гаргаж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулах бөгөөд тус яамнаас 2022 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдөр Гадаад харилцааны яаманд ажлын хэсгийн дүгнэлт, тайлангийн төсөлд өгөх хариу тайлбар, тодруулгын эцсийн тайлан дүгнэлтэд тусгуулахаар хүргүүлсэн гэв.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн дүгнэлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, С.Одонтуяа нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.

Төгсгөлд нь, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа үг хэлэв. Тэрбээр, Герман, Япон, Солонгос зэрэг улсууд сэжигтэн оршин суугаа хаяг нь тодорхой, оргон зайлах бодит үндэслэл байхгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг байвал аль болох ажлын бус цагаар баривчлахгүй байх, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс хамаарал бүхий хүмүүс сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна гэдэг зохицуулалт байдгийг дурдсан. Монгол Улс энэ мэт туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Түүнчлэн, ХЭҮК-оос нийт баривчилгааны тодорхой хувь нь шаардлагагүй байдаг талаар тайлан гаргасныг тэмдэглээд, энэ тоог багасгах чиглэлээр бүх талууд анхаарч ажиллах, шаардлагатай бол хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэдэг санал хэлсэн юм.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “Ажлын хэсгийн дүгнэлтийг тодруулах тухай” тавьсан асуултын хариуг сонссоноор Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мөч тайрагдах мэс засалд орсон үйлчлүүлэгчдийг “Дэмжих бүлгийн уулзалт” боллоо
Мөч тайрагдах мэс засалд орсон үйлчлүүлэгчдийг “Дэмжих бүлгийн уулзалт” боллоо
 
Б.Хурцын Унгар улсад суух үнэмлэхийг хүчингүй болгожээ
Б.Хурцын Унгар улсад суух үнэмлэхийг хүчингүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.