Монгол улсын Засгийн газар 2017 онд авсан 800 сая долларын “Гэрэгэ” бондын өрийн үлдэгдэл болох 368,7 сая долларыг бүрэн төлж барагдууллаа.
Сенчири-2 төслийн хүрээнд Гэрэгэ бондыг төлөх валютын нөөцийг бүрдүүлсэн бөгөөд Монгол улсын гадаад валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд 1,6 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттай хийснээр, өрийн дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа.
Засгийн Газар 2016 онд авсан “Кредит свисс” банкны 60 сая ам.долларын синдикат зээлийг 2021 оны 3-р сард бүрэн төлсөн бол 2016 онд гарсан “Мазаалай” бондын үлдэгдэл,132,6 сая ам.долларыг 2021 оны 4-р сард бүрэн барагдууллаа. Мөн 2012 онд босгосон “Чингис” бондын өрийн 136,8 ам.долларыг 2022 оны 12-р сард хугацаанд төлж барагдуулаад байна. Өнөөдөр “Гэрэгэ” бондын үлдэгдэл 368,7 сая ам.долларын өрийг бүрэн төлж байна.
Цар тахал, ОХУ Украины дайнаас шалтгаалсан эдийн засгийн хүнд үед монгол улс бондын өр төлбөрийг тогтмол барагдуулж,дефолт болох эрсдлээс хамгаалж, зээлжих зэрэглэлээ тогтвортой хэвээр хадгалж чадлаа. 2023 оны 12-р сарын 25-нд төлөгдөх “Самурай” бондын 30 тэрбум иенийн эх үүсвэрийг хадгалсан байна. Харин 9-р сард төлөгдөх ёстой “Евро” бондын 500 сая долларын өр дараах эх үүсвэрийг бэлдэхээр зориж байна. Ингэхдээ “Хөгжлийн банк”-ны чанаргүй зээлийн эргэн төлөлт болон бусад эх үүсвэрүүдийг цуглуулж, “Евро” бондын өрийг төлнө. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ажиллаж эхэлсэнээс хойш нийтдээ 5,9 их наяд төгрөгийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулаад байна. Ингэснээр 2020 оны эцэст ДНБ-ний 62.3 хувьд хүрээд байсан өрийн дарамт (ӨҮЦ) 52.4 хувьд хүрч буурчээ. Энэ нь Монгол Улсад итгэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа том үзүүлэлт юм. 2022 онд Засгийн газрын гадаад өрийн хэмжээ 8.7 тэрбум ам.доллар байсан бол 2022 оны эцэст 8.0 тэрбум ам.доллар болж буураад байна.