ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ажиллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 43 секунд

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ажиллалаа

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ажиллав. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн оны аравдугаар сард тус компанид онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. "Эрдэнэс Тавантолгой" компани 2022 онд нийт 1,1 тэрбум ам.долларын орлого олсон бол бүрэн эрхт төлөөлөгч томилогдсоноор 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс зургаадугаар сарын 23 хүртэлх хугацаанд 11,5 сая тн нүүрс борлуулж, 1,2 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон байна. Өөрөөр хэлбэл, зөв менежмент хийж чадвал нэг жилд олж байсан орлогыг хагас жилийн хугацаанд олох боломжтой талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдээлэв.

Засгийн газраас нүүрсний үнийг нэмэгдүүлэх, нүүрсний тээврийн орлогыг дотооддоо төвлөрүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд нүүрсийг биржээр худалдаалж эхэлсэн нь нүүрсний үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэмдэглэв. Тодруулбал, нийт 20 удаагийн арилжаагаар 1,2 сая тн нүүрсийг 140,92 сая ам.доллароор борлуулж, орлогыг 40.0 орчим сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Хатуу коксжих нүүрс нэг тн-ыг хамгийн багадаа 131,6 ам.доллароор борлуулж, хамгийн ихдээ 182,1 ам.долларт хүргэж борлуулаад байна. Мөн цахим арилжаагаар бүх бүтээгдэхүүнийг сорчлохгүйгээр зардаг болж эрчим хүчний болон сул коксжих нүүрсийг худалдаалж эхэлсэн талаар мэдээллээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК найман төсөл хэрэгжүүлж буй. Бортээг хуурай баяжуулах, нүүрс баяжуулах, нүүрс ачих логистикийн төв, Тавантолгой – Зүүнбаян төмөр зам, Загийн усны хоолойн төсөл, Тавантолгойн цахилгаан станц зэрэг төслийн явцтай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцав. Нүүрс баяжуулах үйлдвэр хугацааныхаа дагуу бүтээн байгуулалтын ажлаа хийж байгаа учраас 2024 онд ашиглалтад орохоор байна. Тус үйлдвэр нь одоо зарж байгаа нэг тн нүүрсэн дээр 60-80 ам.долларын орлого олох боломж бүрдүүлэх юм. Эдгээр төсөл амжилттай хэрэгжсэнээр нүүрсний экспорт, орлого нэмэгдэнэ, төдий чинээ улс орны эдийн засгийн өсөлт хангагдах учиртай. Тиймээс хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл хөтөлбөрүүдийг Засгийн газар дэмжин ажиллана гэдгийг тэрбээр мэдэгдлээ.

А.Баяр: БЗД-ийн 7-р хороонд үйл ажиллагаа явуулдаг БАР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ЦЭГЦЭЛНЭ
А.Баяр: БЗД-ийн 7-р хороонд үйл ажиллагаа явуулдаг БАР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ЦЭГЦЭЛНЭ
 
Метроны бүтээн байгуулалтад 333 тэрбум, зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулна
Метроны бүтээн байгуулалтад 333 тэрбум, зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөг зарцуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.