УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Нүүрсний хулгай гээд өвлийн хүйтэнд ард иргэд Сүхбаатарын талбай дээр бараг сарын хугацаанд жагсаж, шударга ёсыг шаардсан. Засгийн газар үүнд идэвх санаачилга гаргаж ажиллана гэж амласан.
Хянан шалгах түр хорооны ажил ямар түвшинд явааг асуух ёстой л болчхоод байна. Үйлдвэржилтийн байнгын хороон дээр өчигдөр хоёр төмөр замын аудитын дүгнэлт орж ирсэн. Аймшигтай тоонууд харагдаж байна билээ. Тухайлбал, 950 тэрбум төгрөгөөр хийнэ гэж төсөвт өртөг батлуулчхаад 3 их наяд 653 тэрбум буюу 3.8 дахин их үнээр хийсэн байна.
Ингэвэл хэн ч шоронд орно. Гэвч хэн ч шоронд ордоггүй. Аудитын дүгнэлт нь үүнийг тодорхойлоод гаргаад ирчхэж. Ногоон автобусны 400 тэрбум төгрөг бол Тавантолгойн төмөр замын хулгайн дэргэд талхны үйрмэг. Хулгайг үнэхээр шалгамаар байгаа юм бол төмөр замаа шалга. Бүх юм нь хууль зөрччихсөн” гэжээ.