Яармагийн 300 ортой эмнэлэг буюу Эх, нярай хүүхдийн үндэсний хоёрдугаар төвд хэвтэн эмчлүүлж буй 0-2 насны 17 хүүхэд тариа хийлгэсний дараа таталт өгч, биеийн байдал нь муудсан асуудал өнгөрсөн долоо хоногт гарсан.
Энэ тухай тус эмнэлэгийн захирал А.Эрдэнэтуяа "Тариа тариулсны улмаас биеийн байдал нь муудсан гэх 17 хүүхдийн эрүүл мэнд сайжирч, тогтворжсон. Мөн хүүхдүүдийн ханиад, томуу ч эдгэж, өнөөдөр, маргаашаас эмнэлгээс гарахаар зэхэж байна. Өнөөдөр эмчлэгч эмч нар нь хүүхдүүдийн биеийн байдлыг танилцуулж, эмнэлгээс гарах, эсэхийг нь шийднэ. Энэ асуудал юунаас болж гарсан, хүүхдүүдийн биед яагаад гэнэт өөрчлөлт гарсан зэрэг нь одоогийн байдлаар тодорхой болоогүй байна. Хууль хяналтын байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас шалгалтын ажиллагааг явуулж байгаа.
Урьдчилсан байдлаар сувилахуйн технологийн стандарт зөрчигдсөн байж болзошгүй гэж үзэж байгаа. Тухайлбал, тариагаа найруулаад удсан, хүүхдийн биед тариагаа хурдан шахсан байж болзошгүй. Энэ үндэслэлээр шалгаж байна. Тухайн өдөр ээлжинд гарч, хүүхдүүдэд тариа хийсэн сувилагчдад одоогийн байдлаар хариуцлага хүлээлгээгүй байна. Хэрэв энэ асуудал олон нийтийн анхааралд очиж, хуулийн байгууллагад шалгагдаагүй байсан бол бид дотоод журмаараа хариуцлага хүлээлгэх байсан. Харин одоо энэ асуудал олон нийтийн анхааралд байгаа" гэжээ.