Олон нийтийн сүлжээнд “шүд нөхөгч яс” гэх бүтээгдэхүүнийг зараар худалдаалж эхэлжээ. Тухайлбал, “Шүдний асуудалтай хэн бүхэнд хэрэгтэй шүд нөхөх яс нэг сав нь 25 мянган төгрөг, байгалийн гаралтай давирхайгаар хийгдсэн. Амт,үнэр сөрөг нөлөөгүй” хэмээн худалдаалж байгаа юм.
Тэгвэл энэхүү яс нь шүдийг гэмтээж, буйл үрэвсүүлж буй талаар “BB Dental Clinic” шүдний эмнэлэг анхааруулга мэдээлэл гаргажээ.
Тодруулбал, тус эмнэлгийн үйлчлүүлэгч “Б” нь “шүд нөхөх яс” гэх бүтээгдэхүүнийг авч, хэрэглэсний дараа шүд нь өвсөн гэх зовуурьтай ирсэн байна. Улмаар тус “шүд нөхөх яс” гэх бүтээгдэхүүнийг “Б”-ын шүднээс салгаж авахад буйл үрэвссэн, үнэр ихтэй хажуугийн хоёр шүд нь цоорсон байдалтай байжээ.
Иймд шүдээ авхуулсан л бол хиймэл шүд хийлгэх зайлшгүй шаардлагатай байдаг ба эмнэлгийн нөхцөлд л хиймэл шүдэлбэрийг хийж үйлчилдэг тул иргэд мөнгө болон эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна.