Ховд аймгийн Мянгад сумын малчин осгож, амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын Баянхошуу баг малчин Н нь арваннэгдүгээр сарын 25-ны 18:00 цагийн орчимд сумын Соёлын төвд уулзалтад оролцохоор гэрээсээ гарчээ. Гэрээсээ гараад сураггүй болсон учир арваннэгдүгээр сарын 28-нд ар гэрийнхэн Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу таймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран эрэн хайж, нэг хоногийн дараа цогцсыг нь сумын төвөөс 1.5 км-ийн зайд байлах газраас олжээ. Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.
Талийгаач Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогтын уулзалтад орохоор гэрээсээ гарчээ. Учир нь, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнгөрсөн өдрүүдэд Ховд аймгийн иргэдтэй уулзах уулзалт хийж, арваннэгдүгээр сарын 25-нд Мянгад суманд очсон ажээ.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “С.Бямбацогт сайдын уулзалтад оролцохоор гэрээсээ гарсан 63 настай малчин Н осгож, амиа алдсан нь үнэн. Тэр хавийн малчдад “С.Бямбацогт сайд уулзалт хийнэ, азын сугалаатай, 24 хүнийг шагнана, өвс, тэжээл тараана” гэж уриалсан байж болзошгүй. Мөн иргэд санал бодлоо хэлэхээр цугларсан байх. Тухайн өдөр уулзалт 21:00 цагийн үед болсон. Талийгаач уулзалтад оролцчихоод гэр рүүгээ явахдаа осгож, нас барсан гэсэн” гэв.
Уулзалтын талаар С.Бямбацогт сайд цахим хуудастаа “Тойрогтоо ажиллаж иргэдээ сонсох уулзалтууд үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 24-нд Буянт сумаасаа эхлэн дараах хуваарийн дагуу уулзалтууд хийгдэх тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоорой” гэж бичжээ.