Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 55 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр "30 жилийн тэртээ хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах мөрөөдөлдөө хөтлөгдөн гарсан нэгэн үеийнхэн өнөөдөр, улстөрчид тэднийг тойрсон хэдхэн хүн баяжиж эсрэгээрээ ард иргэдийн амьдрал уруудан доройтсонд бухимдаж байна. Усны эх нь булингартай бол адаг булингартай гэдэгчлэн авлигын голомтыг таслахгүй бол шинэ 30 жилийг цогцлоох боломжгүй гэдгийг бид илэрхийлж байна.

Дунджаар 8-10 цаг үргэлжилсэн уулзалтын үеэр иргэд өмч хувьчлал, газрын наймаа, ашигт малтмалын лиценз зэрэг нь хэдхэн хүний дунд шударга бусаар явагдсан тухай ярьж байна. Авлигажсан тогтолцоо тэдний хүсэл мөрөөдлийг хулгайлсан тухай хэлж байна. Шударгаар хөдөлмөр эрхлэх хүсэл зоригийг мохоосон байна.

Идээг шахахгүй нууж аргацаасаар байвал нэг л өдөр буглаж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай байсан. Би энэхүү тэмцлийг эхэлж байхдаа “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид журмын нөхөдтэйгээ, нам харгалзахгүй тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.

Шүүхийн шатанд бүлэглэлийн гар хөлүүд авлигын асуудлыг хэрхэн гацаан удаашруулж байгааг ч, “сонгууль хүртэл тэсчихвэл Оюун-Эрдэнэ зайлчихна, тэгээд бүх зүйл сайхан болно” гэж хилийн чанадад оргон зайлсан “шувууд” томилсон шүүгч нартаа захиж байгааг ч мөн мэдэж байгаа.

Чамлахаар чанга атга гэдэг шиг авлигын эсрэг тэмцэл үр өгөөжөө өгч эхэлж байна. Далд эдийн засаг ил болсоор эдийн засгийн өсөлт нэмэгдэж байна. Өнгөрсөн хугацаанд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг төллөө. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.5 их наяд хүрч, “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг саяхан, аравдугаар сарын 23-нд бүрэн төлж барагдуулсан. Одоо арванхоёрдугаар сарын 25-нд “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын төлбөрийг төлснөөр Монгол Улс дампуурлын эрсдэлээс 12 жилийн дараа ийнхүү гарч байна.

Улсынхаа нэрээр зээл авч, бүлэглэлийн зарчмаар хувааж, өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль баталсан хариуцлагагүй үйлдэл дахин давтагдах ёсгүй. Өрийн гинжин хэлхээнд хүлэгдэж, авлигын өргөст тороор баглагдсан эдийн засаг одоо л эрүүлжиж, амьсгал нь жигдэрч эхэлж байна. Жил гаруйхны өмнө бид хил нээх тухай, улс дампуурахгүй байх тухай ярьдаг байсан бол өнөөдөр бид эдийн засгийн өсөлт өрхөд хэрхэн хүртээмжтэй байх тухай мэтгэлцдэг болжээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Муу нуухаар сайн илчил гэдэг. Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч, авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна.

Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ. Улсад 20 тэрбумын хохирол учруулсан авлигачийг 20 саяар торгоно гэдэг авлигын эсрэг шийтгэл үү, эсвэл авлига авах нь зөв шүү гэдэг урамшуулал уу.

Үзэл бодлоо илэрхийлсэн залууст төмөр нүүр харуулчихаад, авлигын хэрэгтнүүдийн даралт ихсэж, тулай нь сэдрэхэд улсаараа халаглаж, хүмүүнлэгийн байгууллага шиг эрхлүүлсээр байх уу? Энгийн хэргүүд гурван сар дотор гурван шатны шүүхээр шийдэгдэж байхад, дуулиант авлигын хэргүүд анхны шатны шүүх дээр долоон жил гацаж байгааг хэрхэн тайлбарлах вэ?

Шүүхийн зарим удирдлага Ерөнхий сайдыгаа огцруулах санал хураалт хийж, шүүхэд шүүмжлэлтэй хандсан бүхэнд бухимдан хилэгнэхийн оронд өөрөө өөрийгөө шинэчлэх цогц реформыг цаг алдалгүй эхлүүлж, олон улсын түвшинд ёсзүй, ур чадвар, хүний нөөцийн хувьд хүрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна" гэлээ.

С.Бямбацогт сайдын уулзалтад оролцохоор гэрээсээ гарсан малчин осгож, амиа алджээ
С.Бямбацогт сайдын уулзалтад оролцохоор гэрээсээ гарсан малчин осгож, амиа алджээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ