Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мөн энэ асуудлаар /2023.11.29/ сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэрбээр, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын Оросын талын даргыг би урьсан. Монголын талын дарга Ч.Хүрэлбаатар сайд, Ерөнхий сайд, мөн надтай уулзана. Ингэж уулзахдаа түлш, АИ-92 шатахууны нийлүүлэлтийг сайжруулж өгөөч гэж гуйна. Тээвэрлэлтийн хувьд асуудал байгаа. ОХУ-аас өвлийн түлшинд зөвхөн томоохон төрийн өмчит компаниудаараа дамжуулаад Монгол руу экспорт хийж байгаа. ОХУ-аас Монголд огт хориг тавиагүй. Өвлийн дизель түлш орж ирж л байгаа, хоригтой байсан бол орж ирэхгүй. Энэ сарын 1-нээс 23-ны хооронд 97 мянган тонн түлш орж ирсэн. Энэ жил манай улс 62 сая тонн нүүрс экспортолсон. Тийм ч учраас сарын нөөц болох 90 мянган тоннын 45-ыг нь уул уурхайн салбар эзэлж байна. Энэ муу зүйл биш л дээ. Алтнаас илүү стратегийн бүтээгдэхүүн учраас түлш, шатахууны нөөцийн талаар мэдээллэх нь буруу. Нэг тонн түлшийг ирэх сард БНХАУ 1090, ОХУ 855 ам.доллароор нийлүүлэх боломжтой гэсэн үнэ өгсөн. Үүнээс харахад өнөөдөр байгаа үнээсээ ОХУ багассан үнэ санал болгосон. Тийм учраас би үнэ буурч байгаа, битгий нөөцлөөрэй гэж хэлээд байгаа. Тасалдал огт байхгүй, хэрэглээгээ гүйцэхгүй байна.