Авто машинаа хараа хяналтгүй үлдээснээс болж хулгайд алдах тохиолдол бүртгэгдэх болсон. Энэ тухай Тээврийн цагдаагийн албаны цагдаагийн ахмад Э.Гандуулга "Энэ оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад авто машины хулгайтай холбоотой 204 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд эзэн холбогдогчыг олж тогтоожээ. Гэвч хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд өглөө болон орой автомашинаа халаах зорилгоор асаалттай орхисноос болж авто машины хулгай эрс нэмэгдэж байна. Мөн хүнсний дэлгүүр болон үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэхдээ тухайн иргэн автомашинаа асаалттай үлдээх, үл таних хэн нэгэнд хэлээд орхисноос энэ төрлийн хулгайн гэмт хэргийн хохирогч болох нөхцлийг бүрдүүлж байгаа. Иймд иргэд та бүхэн өөрсдийн өмч хөрөнгөдөө хараа хяналттай байж, өглөө болон орой автомашинаа халаахдаа түгжээд орхих эс бөгөөс өөрөө хажууд нь заавал байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэжээ.