Дэлхийн хоёр том холбооны нэг "World Memory Sports Council" байгууллагаас зохион байгуулж буй 32 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Саняа хотноо боллоо.
Тэмцээний сүүлийн өдөр Монголоос ой тогтоолтын 15 дахь Их мастер тодорлоо.
Анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон О.Наранзул 14-хөн насандаа Олон улсын мастер, Их мастер цолны болзлыг давхар хангаж, эх орныхоо нэрийг дуурсгалаа.
Их мастер цолны болзол нь 10 төрлийн нийлбэр оноог 5500 давуулах ёстой байдаг бөгөөд тухайн жилийн хамгийн өндөр оноотой таван тамирчинд олгодог өндөр бөгөөд хатуу шалгууртай. Монгол Улсын гурван тамирчин энэ жил Их мастер цол хүртсэнээр 13 жилийн хугацаанд 15 Их мастертай болоод байна.
Түүнчлэн, тэмцээний "Нэр, Зүс царай" төрөлд өрсөлдөн Монголын шигшээ багийн гурван тамирчин нас, насны ангилалдаа дэлхийн рекорд шинэчлээд байна.
Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн Олон улсын Их мастер, Дэлхийн аварга Т.Тэнүүн 188 нэр, Өсвөр насны ангилалд өрсөлдсөн Их мастер Ц.Оюун-Эрдэнэ 175 нэр, бага насны ангилалд оролцсон Б.Анужин 99 нэр тогтоож, дэлхийн рекорд шинэчилжээ.