Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг хилээр орж ирмэгц ЦАГДАН ХОРИНО гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 29 секунд

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадрааг хилээр орж ирмэгц ЦАГДАН ХОРИНО гэв

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, эхнэр Б.Сайханжаргал, Ханбогд сумын Засаг дарга асан Ш.Эрдэнэжаргал, мөн сумын засаг дарга Х.Нэхийт нарын 11 хүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авч, БНХАУ-ын иргэдэд худалдсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж, өнгөрөгч есдүгээр сард хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Ийнхүү эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа Б.Бадраа нь Монгол Улсыг орхин гарч БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа гэх бөгөөд түүнийг хилээр орж ирмэгц цагдан хорих шийдвэрийг өчигдөр /2023.12.25/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Шүүх прокурорын саналыг хэлэлцэж, яллагдагч Б.Бадраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.1, 1.3-д заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Мөн энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ш.Эрдэнэжаргал, Х.Нэхийт нарт урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн боловч шүүхээс “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эргэн сануулбал, Ш.Эрдэнэжаргал, Б.Бадраа, Х.Нэхийт нар нь Монгол Улсын газрын тухай хуульд “Тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэх, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. Улмаар:

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад гэх газарт 13.6 га газрыг “Фүжи бит” компанид,

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан тавдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах газарт 14.5 га газрыг “Ийзи транспорт” компанид,

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “Бат орших Баян” компанид 18 га газар

-2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн захирамжаар "Сан Арвитай" компанид 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар 20 га газар,

-2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар “Лилия Гарден” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 10 га газар,

- 2021 хоёрдугаар сарын 3-ны өдрийн захирамжаар "Соронзон говь" гэх компанид Цагаанхад орчимд 20 га газар,

-2021 оны аравдугаар сарын 6-ны захирамжаар "Азхур Трэйвэл" компанид 10 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгагдаж байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу одоогоос нэг жилийн өмнө дээрх яллагдагч нарын гэр болон албан өрөөнд нэгжлэг явуулж, эх үүсвэр тодорхойгүй их хэмжээний мөнгө, үнэт эдлэл хураан авч байсан юм. Тухайлбал, Б.Бадраагийн гэрээс 300 сая төгрөг, юань, үнэт эдлэл, галт зэвсэг, сум зэргийг хурааж байжээ.

Шинэ автобуснууд хамгаалалтын хуулгатай ирнэ
Шинэ автобуснууд хамгаалалтын хуулгатай ирнэ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгинохайрхан дүүрэгт байрлах тогтоол усанд сэлэхээр орсон 17 настай эрэгтэй живж, нас баржээ