Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд цахилгаан болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг үе шаттай шинэчлэхтэй холбоотой авах арга хэмжээний талаар Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Гадаад болон дотоодын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сан, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчит болон хувийн хэвшлийн 19 аж ахуйн нэгж 134 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр компани нийт 1240 автобустай. Гэхдээ техникийн бэлэн байдлын хувьд тогтмол 985 тээврийн хэрэгсэл зорчигч тээврийн үйлчилгээг нийслэлчүүдэд хүргэж байгаа юм. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 525 автобусны ашиглалтын хугацаа дууссан боловч нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсаар байна.