АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбоотой хэргээр яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа. Тэгвэл Д.Эрдэнэбилэгийн хэрэгт холбогдуулан Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ. Учир нь Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг хууль бусаар концессоор эзэмшүүлсэн хэргээр Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг яллагдагчаар татжээ.
Тухайн үеийн ТӨХ-ны даргаар ажиллаж байхдаа Д.Сугар нь ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хамт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг Д.Эрдэнэбилэгийн “Кью Эс Си” ХХК-д концессоор эзэмшүүлэх шийдвэрүүдийг гаргаж байжээ. Д.Сугар 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2005 онд Монгол шуудан банкинд газрын захирал, 2006 онд Төрийн өмчийн хорооны даргаар томилогдож байв. 2012 оноос Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж байсан. Тэрээр МИАТ-ийн буюу Ч.Хоролсүрэн нартай холбоотой хэрэгт нэр холбогдож байсан. Түүний хүү С.Цог хар тамхины хэрэгт нэр холбогдож хоригдож байсан гэхчлэн Д.Сугарын тухай баримтууд олон байдаг.