Узбекистаны нийслэл Ташкентад болж буй хүндийнг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 30 гаруй орны шилдэг туйванчид өрсөлдөж байгаагаас Монголын баг эхний медалиа авлаа.
Тодруулбал, тэмцээний эмэгтэйчүүдийн 64 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Ануужин огцом өргөлтөөр 91 кг-ыг өргөснөөр мөнгөн медаль хүртлээ. Энэ жинд БНАСАУ-ын тамирчин түрүүлсэн бол Тайвань, БНСУ хүрэл медалийн тавцанд зогсов. Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хороо, “Дархан хан спийд” компанийн тамирчин Г.Ануужин гурван жил дараалан тивийн аваргын медалын тавцанд зогсож байгаа нь энэ. Тэрбээр 2022 онд хүрэл, 2023 онд алт, 2024 онд мөнгөн медаль авснаар Азийн аваргын иж бүрэн медальтай болж байна.
Азийн аваргад манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, олон улсын хэмжээний мастер Э.Энхтамир, Г.Ануужин, Б.Тунгалаг, О.Төгс-Эрдэнэ тэргүүтэй 14 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Энэ удаагийн тивийн тэмцээний шүүгчдийн зөвлөлд олимпын шүүгч Л.Одгэрэл багтсан юм. Тэрбээр “Токио 2020” зуны олимпын наадмыг шүүсэн бөгөөд “Парис 2024” олимпын наадмыг шүүх эрхийг Монголын шүүгчдээс анхлан авсан юм. Түүнчлэн залуу шүүгч О.Баярцэцэг анх удаа насанд хүрэгчдийн Азийн аваргыг дэнслэх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүдийн 45 кг, 49 кг, 55 кг, 59 кг, 64 кг, эрэгтэйчүүдийн 55 кг, 61 кг, 67 кг-ын жингийн медальтнууд тодорчээ. Дээрх найман жинд БНАСАУ-ын тамирчид түрүүлж, дээд амжилт тогтоож байна. Харин Тайланд, БНСУ, Филиппин, Индонези, Казахстан, Тайвань, Вьетнам, Япон, Монгол болон зохион байгуулагч Узбекистаны багаас 1-4 мeдаль авчээ.
Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэйчүүдийн 81 кг, 87 кг, +87 кг, эрэгтэйчүүдийн 81 кг, 89 кг, 102 кг, 109 кг, +109 кг жинд аваргаа тодруулж, энэ сарын 10-нд өндөрлөнө.