Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголын төсөлд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэн, нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, тусгасан.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Богдхан уулын хилийн цэстэй холбоотойгоор үүсэж байсан маргааныг БОАЖЯ-тай эцэслэн шийдвэрлэж, тодорхой хэмжээний газрыг нийслэлийн эрх хэмжээнд шилжүүлэн шийдвэрлэж байгаа. Түүнчлэн 2003 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхээ авсан ч дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй олон этгээд бий. Үүнээс хамгийн багадаа 50 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Газрын эрхтэй холбоотой дээрх судалгааг нарийвчлан тооцоолж, судалж чадвал илүү их орлого төвлөрүүлэх боломжтой.
Өмнө нь газрыг төсөл болгож ашиглуулалгүй шууд эзэмших, ашиглах эрхийг олгодог байсан. Үүнээс улбаалан газрын наймаа дэлгэрсэн гэхэд буруудахгүй. Ийм алдааг дахин давталгүйгээр шинэ дэд төвүүд болон дагуул хотуудын төлөвлөлт дээр төсөл хэлбэрээр зарахаар төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.