НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор төлөөлөгчид асуулт, санал хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Гуравдугаар сарын 15-наас нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байгаа.
Тодруулбал, зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна. Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор зэрэг хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг нийтийн тээврийн салбарт өгч буй төсвөөс цэнэглэж өгнө. Ингэснээр тухайн иргэний толгой тоологдож, картаа төхөөрөмжид уншуулсантай нь таарах ёстой. Хэрэв энэ нь зөрвөл тухайн автобусны жолоочид шаардлага тавих юм.
Бэлэн мөнгө хийх зориулалттай, шууд онгойдоггүй савыг жолоочийн хажууд байрлуулсан ч өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг олуулахын тулд карт уншигч болон толгой тоолох төхөөрөмжийн зорчигчийг бүртгэсэн тоо таарах ёстой" хэмээн ярьсан байдаг. Түүний ярьсан ёсоор маргаашнаас толгой тоолох систем ажиллаж эхлэн жолооч хийгээд зорчигчийн хариуцлагыг нэмэх аж.