Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.03.20/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдлаа. Тус Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо болон Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонссон юм.
Дэд хорооны танилцуулгыг сонссоны дараа Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нэмэлт мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, ээлжит сонгуулийг зохион байгуулахад шаардлагатай зардлын төсөв 38,9 тэрбум төгрөгийн төслийг хүргүүлсэн боловч 17,2 хувь нь хасагдаж батлагдсан.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад сонгуулийн тойргийг бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт нийцүүлэн томсгосонтой холбогдуулан саналын хуудасны хэмжээ өөрчлөгдсөн, хэвлүүлэх нэмэлт зардал шаардлагатай байгаа. Саналын хуудаст тэмдэглэх нэр дэвшигчдийн тоо нэмэгдсэн тул санал авах ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдод хүндрэл учруулахгүй байх зэргээс улбаалан санал авах байрыг нэмж бэлтгэх, санал авах бүхээгийг нэмж байршуулах, хүрэлцээтэй байлгах зардал нэмэгдсэн.
Байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороодод нийт 25 951 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч ажиллах урьдчилсан тооцоо гарсан. Бүх шатны сонгуулийн байгууллагад ажилласан ажилтнуудад олгох урамшуулал, гадаад дахь сонгогчдоос санал авах ажиллагаатай холбогдуулан бүртгэл мэдээллийг нэгдсэн цахим санд холбох, сонгуулийн шинэ тогтолцоо, санал авах ажиллагааны зааварчилгаа мэдээллийг түгээх, цагдаагийн хяналт, хамгаалалт зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт шаардлагатай болсон тул шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, саналын хуудасны загварыг хэрхэн төлөвлөж зохиомжилсныг тодруулаад, Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах боломжтой эсэх, санал тоолох төхөөрөмжид багтах эсэхийг асуув. Саналын хуудас нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд ямар ч тохиолдолд санал тоолох төхөөрөмжид багтана, загварыг та бүхэнд удахгүй танилцуулна гэсэн хариуг Сонгуулийн ерөнхий хорооны дарга өгөв. Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, нэг сонгогчийн саналаа өгөх хугацаа гурав дахин нэмэгдсэн нь санаа зовоож байна гээд улсын хэмжээнд хэчнээн хэсгийн хороо байгуулагдсан, санал авах ажиллагаа хуулийн хугацаандаа амжих эсэхийг тооцож зардалдаа тусгасан эсэхийг лавласан юм. Нэг хэсгийн хороонд 2130 гаруй сонгогч оногдож байгаа гэсэн тооцооллыг хийсэн тул асуудалгүй гэсэн хариултыг сонгуулийн төв байгууллагын төлөөлөл өгсөн боловч Д.Тогтохсүрэн гишүүн Сонгуулийн ерөнхий хороо хэсгийн хороодын тоог нэмэх, нэг хэсэгт оногдох ачаалыг бууруулах, хугацаандаа амжиж санал өгөх боломжийг сонгогчид олгох нь чухал хэмээн шүүмжиллээ.