Өнгөрсөн өдөр/2024.03.27/ цаг агаарын байдлаас шалтгаалан төөрсөн, сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарчээ. Тус аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсаныг нээхээр онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж байгааг мэдээллээ.
Маргааш буюу гуравдугаар сарын 29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед мэргэжлийн байгууллагын мэдээлэл, зөвлөмжийг дагаж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ эрсдэлд оруулаагүй, хариуцлагатай иргэдэд ОБЕГ-аас талархал илэрхийлэв.