УИХ-ын чуулганы пүрэв /2024.03.28/ гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувиар дэмжиж Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ажлын дөрөв хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссантай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэллээ. Тэрбээр, "Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. Өргөн хэрэглээний бараа болох гурилын импортын татварыг тэглэх, мал аж ахуйд үүссэн хүндрэлтэй холбоотойгоор малын тэжээлийн татварыг тэглэх гэсэн хоёр асуудал орж ирсэн. Үүнд УИХ-ын гишүүдийн байр суурь өөр, өөр байсан учраас олонхын бүлэг байр сууриа нэгтгэх зорилгоор завсарлага авсан. Энэ хугацаанд хоёр талаас нь ярилцаад хэлэлцэх эсэхийг нь дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Тийм учраас завсарлагын хугацаа дууссан" гэв.