Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2024.03.29/ болж, хойшилжээ. Тодруулбал, хохирогчийн талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хангаад дөрөвдүгээр сарын 16-ны 09.00 цаг хүртэл хойшлох шийдвэрийг гаргасан байна.
Шүүгдэгч Г.Гантулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.
Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын орон сууцны хорооллын байрнаас хичээлдээ явахаар 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.