Б сумын Тамгын газрын дарга тушаал гаргаж, мэргэжилтэн О-г “Ажлын цагаар удаа дараа архидан согтуурч албан байгууллага дээр ёс зүйгүй авирлаж, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн” гэж үзэж ажлаас халжээ.
Харин мэргэжилтэн О уг тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож,ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэхээр маргасан байна.
Шүүхээс О-г албан үүргээ гүйцэтгэх явцад ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн төдийгүй тухайн үедээ бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалтай нийцсэн гэж дүгнэжээ.
О нь төрийн жинхэнэ албан хаагч учир холбогдох төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй.
Мэргэжилтэн О шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ “Манай Тамгын газарт архидалт их болдог. Өмнө архи согтууруулах ундаа хэрэглэж алдаа дутагдал гаргаж байсан хүнд энэ шийдвэрээ гаргаад явахгүй яасан юм бэ. Ганцхан надад энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаад нь гомдолтой байгаа. Надад ажлаас халах шийтгэл үнэндээ хүндэдсэн” гэсэн байна.
Эх сурвалж: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх