Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Сүүлийн жилүүдэд бэлчээрийн мал аж ахуй ган гачиг, цас зуднаас болж хүнд байдалд орох болсон. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр ган зуд 2-3 жилийн давтамжтай нүүрлэх болсноор мал аж ахуйд бэрхшээл үүсгэж байна. Тийм учраас Засгийн газраас боловсруулсан төсөл нь малчид амьжиргаагаа дээшлүүлэх, тогтвортой орлогын эх үүсвэртэй болох, малын чанараа дээшлүүлж, тооноос илүү чанартай малтай болгох үндсэн зорилготой. Малчид өндөр хүүтэй зээл авч амьжиргаагаа залгуулах, олон тооны малтай байж амьдралаа залгуулах шаардлага үүсч байгаа. УИХ-аар энэхүү төсөл батлагдсаны дараа Засгийн газраас тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Засгийн газраас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гурван зүйлд анхаарал хандуулж , ажиллаж байна. Цас зуданд нэрвэгдсэн малчдын зээл төлөлтийг нэг жилийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан. Хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрийн асуудал хөндөгдөж байгаа. Малчид хуримтлагдсан зээлийн хүүгийнхээ 25 хувийг төлнө, үлдсэн зөрүүг нь ирэх оны төсөвт тусгах замаар шийдвэрлэхээр тогтоол хэрэгжиж эхэлж байна.
Цас зуданд малынхаа 70-аас дээшийг алдсан малчдын хувьд цаашдаа яаж амьдрах вэ гэдэг асуудал яригддаг. Малгүй болсон иргэдээд 5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгож, малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Гурав дахь нь, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой хууль батлагдсанаар “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Малчид амьжиргаа гаа дээшлүүлэх, малынхаа чанар, үржил угсааг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ. Малчид маань малынхаа нэмүү өртгийг шингээж авч чадахгүй байгааг засъя гэж байгаа юм. Хамаг ашиг нь ченжийн гараар дамжиж, тээвэр ложистикийн төвшинд шингээд байгааг залруулна. Малчин нэг жил хагас орчмын хугацаанд тэжээсэн үхрээ 1 сая төгрөгөөр борлуулж байхад Улаанбаатар хотод үхрийн мах нэг кг-ыг нь 20 мянган төгрөгөөр зарахад үхэр нь 4-5 сая төгрөг болдог. “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр малынх нь ашиг шимийн 40-50 хувь нь малчдад очно. “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр чинээлэг малчин бий болно.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Банкны холбоо, Даатгалын холбооноос төлөөлөл орж, хуулийн төслийг боловсруулахад орж ажиллалаа.
Хуулийн төсөлд нэгдүгээрт, Зээлийн батлан даалтын сан нь малчны зээлийн 80 хувиар батлан даана. . Нэг малчин өрх Зээлийн батлан даалтын сангийн шаардлага хангаснаар 50 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой болно. Зээлийн барьцаа байхгүй малчин 20 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой болно.
200 толгой малтай малчин өнөөдөр арилжааны банкнаас 2 хүртэл сая төгрөгийн хэрэглээний зээл авах боломжтой бол дээрх хууль батлагдсанаар 200 толгой малтай малчин өрх 30 хүртэлх сая төгрөгийн зээл авах нөхцөл бүрдэнэ.
Хөдөлмөрөө хоршиж байгаа малчин өрх зээл авах боломжтой. Ингэснээр баг сумынхаа төвшинд малын түүхий эдийг боловсруулдаг цех үйлдвэртэй болох нөхцөл бүрдэнэ. Ямааны ноолуур малчдын орлогынх нь эх үүсвэр болдог гол бүтээгдэхүүн. Ноолуур нэг кг нь 150 мянган төгрөгт хүрлээ гэхэд хоршооны системд шилжсэнээр чанартай ноолуурыг 80, 100 ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж байна. Олон улсын жишээ олныг судаллаа.
Шинэ Зеланд улс нь 2000-2020 он хүртэл 20 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбараа либеральчлах хүрээнд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нэг малаас ДНБ-нд эзэлж байгаа орлого 59 ам.долларт хүрдэг байсан бол 20 жилийн дараа нэг малаас ДНБ-нд үзүүлэх нөлөөлөл нь 350 ам.долларт хүрсэн. Тус улс 59 сая толгой малтай байсан бол 35 сая толгой малтай болсон. Хагас эрчимжсэн мал аж ахуй нь тооноос чанарт шилжсэнээр малаас авдаг ашиг шим нь бодитой сайжирсан.
Монгол Улсын ДНБ -ийн 10 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрдэж байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр мал аж ахуйн салбараас ДНБ-д эзлэх хувь 30 хувьд хүрнэ.
Улаан буудайн зах зээлийг тэлж, экспортод гаргана
Сүүлийн 45 хоногийн хугацаанд гурилын импортын татварыг тэглэхтэй холбоотой асуудал яригдаж байна. Бүх төрлийн гурилын үнэ хилийн цаана худалдаалагдаж байгаа гурилаас 3-4 дахин өндөр үнэтэй байгаа. Гурил болон гурилын бүтээгдэхүүнийн үнэ инфляцад нөлөөлдөг.
УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэг ойрын хугацаанд шийдвэр гаргана гэж хүлээж байна.
Үүнийг дагаад тариаланчид тариагаа тарих уу яах вэ гэдэг асуудал дагаж босч ирж байна. Засгийн газраас нэгдүгээрт, улаан буудайг эрсдэлд оруулаххгүй байх бодлого барьж байна. Олон жилийн туршид 400 мянган тонн улаан буудай тариалах орон зайг олгож ирсэн, одоо энэ орон зайг тэлнэ. Дотоодын хүнсний хэрэгцээнийхээ нөөцийг хангасны үндсэн дээр илүүг нь экспортод гаргахаар орон зайг нээж өгч байна.
Засгийн газрын зүгээс Хөдөө аж ахуйн корпораци хамтраад жил бүр улаан буудайн үнийг тогтоодог. 2023 онд улаан буудайн үнийг нэг тонныг нь 900 мянгаас 1 сая 285 мянган төгрөгөөр тогтоосон. Гурилын үйлдвэрүүд худалдан авах улаан буудайгаа өөрсдийн лабораториор шинжилдэг, улсын лабораториор шинжлүүлдэггүй.
Улаан буудайг сортлоод, 10 орчим хувийг нь дээрх үнээр худалдан авдаг, үлдэгдэл буудайг чанарын шаардлага хангаагүй нэрийн дор маш хямд үнээр авдаг. Нэг тонн улаан буудайг 500 мянга, 700 мянгаар авсан тохиолдол нийтлэг. Тариаланчдын зарсан улаан буудайн үнийн дунджийг гаргахаар 750 мянган төгрөгөөр зарсан байгаа. Энэ нь тариаланчид цаашаа өсч томрох боломжийг хязгаарлаж байгаа. Тэгэхээр 400 мянган тонноор хязгаарлагдаж байсан улаан буудайн зах зээлийг нээж, экспортод 2 сая тонныг борлуулах боломжийг нээнэ. Ингэснээр улаан буудайн экспортоос жилдээ 300-500 сая ам.доллар олж ирэх боломжтой болно гэж үзэн өнөөдрийн тогтоолыг гаргалаа.aa