Улсын хилээр гаргахыг хориглосон хязгаарласан бараа бүтээгдэхүүний жагсаалтад зарим нэг өөрчлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай болжээ. Тухайлбал өлөн гэдэс тэргүүтэй малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх нь чухал байна. Тэртээ тэргүй энд хог болон хаягддаг энэ төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлдэг болчихвол малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэх юм. Энэ жилийн хувьд сүүлийн хорь гаруй жил тохиолдоогүй зуд болж, арав гаруй сая толгой мал хорогдоод байна. Хорогдсон малын сэг зэмийг устгах зардлыг аймаг сумын төсөвт дарамт учруулах хэмжээнд хүрчээ.
Мал махны худалдаа хийгддэг эмээлт орчимд малын гаралтай зарим бүтээгдэхүүн тэр дундаа өлөн гэдэс толгой шийр нь хог болон хаягддаг. Шалтгаан нь тун энгийн. Нэгд боловсруулах үйлдвэр байхгүй. Хоёрт байлаа ч хил давуулах боломжгүй байдаг. Өнгөрөгч гуравдугаар сард Замын-Үүд дэх гаалийн газрын байцаагчид бүгд найрамдах хятад ард улс руу гарах тээврийн хэрэгсэлд ачигдсан 40 тоннын чингэлгээс 253 шуудай 5124 кг адууны өлөн гэдсийг илрүүлжээ. Энэхүү хураагдсан өлөн гэдсийг газарт булах эсвэл шатааж устгалд оруулах нь чамгүй хэмжээний зардал гарна.
Уг нь бол адууны боловсруулсан өлөн гэдсийг хилээр гаргалаа гээд монгол усад ямар нэг гарз хохирол учруулахгүй. Харин ч хил давуулдаг болчихвол байгаль дээр хог болон хаягддаг өлөн гэдсийг үйлдвэр эрхлэгчид малчдаас худалдан авч экспорт хийх нь эдийн засгийн хувьд чухал холбогдолтой юм. Ер нь бол малын гаралтай бүтээгдэхүүн бол нөхөгддөг баялаг учир бид эдийн засгийн эргэлтэд оруулж экспортлож байх нь малчдын орлого төдийгүй валютын орох урсгалд эерэг нөлөө үзүүлэх юм.
Улсын хилээр оруулж ирэх зарим бараа бүтээгдэхүүний хууль журамд ч бас өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.. Үүний нэг жишээ нь таримал модны суулгац болон бутлаг ургамал юм. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүх тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч дотоодын мод үржүүлэгийн албаны тогтолцоо сул, мод тарих хэрэгцээг хангаж чадахгүй хэвээр байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хилээр таримал модны суулгац болон бутлаг ургамал оруулж ирэхийг хориглосон хэвээр байгаа юм.
Манайхны дунд хятадаас мод импортоор авах нь ойн хортон шавьж давхар импортлоно гэсэн болгоомжлол олон жилийн турш амнаас ам дамжин яригдсаар ирсэн. Гэтэл хорин жилийн өмнө Замын-Үүд шиг улаанаараа эргэж байсан Эрээн өнөөдөр ногоон хот болсныг нийтээрээ бид харж байна. Хавар зуны улиралд хүний гараар бүтээгдсэн ой бүхий чийглэг уур амьсгалыг дагаж хур бороо нь хүртэл Эрээн хотод ордог бол замын-үүдэд жиийн жилд ган гачиг тохиолдож байгааг замын-үүдийн иргэд аргаа баран хэлж байна. Манай улсын хувьд газар зүйн онцлог уур амьсгалын онцлогоос шалтгаалж хангай, говь, хээр гэсэн бүсүүдэд хуваагддаг. Тэгвэл говийн бүс нутгийг ойжуулж ногооруулая гэвэл таримал модны суулгац болон бутлаг ургамлын импортыг нээж өгөх шаардлагатай. Түүнээс биш хэн нэгний батлагдаж нотлогдоогүй амнаас ам дамжсан ярианаас үүдэж бид улсаа бүү хэл ганц Замын-Үүд сумаа ч ногооруулж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай юм.