УИХ-ын гишүүн асан, "Монполимет Групп"-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг баривчилсан нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Сангийн сайд асан С.Баярцогт нар УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр шүүхэд хандаад байгаа үйл явдалтай давхцаж буй нь анхаарал татаж байна.
Тэгвэл Б.Хурц, С.Баярцогт нарын нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн аваад байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нь энэ сарын 29-ны өдөр /2024.05.29/ АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний хувиар Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулж шүүхэд хандсан байна. Ингэхдээ "АН-аас нэр дэвшигч Б.Хурцыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Тиймээс СЕХ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгэхүүлэх"-ээр шүүхэд хандсан байна.
Харин Сангийн сайд асан С.Баярцогтын хувьд Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулж, "АН-ын нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа" талаарх гомдол гаргажээ. Уг гомдолд С.Баярцогтын нэр багтсан байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх эдгээр гомдлыг хүлээн аваад байгаа аж. Уг гомдлыг хэлэлцэх хуваарь одоогоор гараагүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.