2022 оны I дүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага Нийслэлийн хэмжээнд өнөөдөр эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Баянгол дүүргийн Цэрэг татлагын товчооны ажилтай танилцжээ.
Тэрээр энэ талаар "Залуусын хувьд идэвх өндөр, штабын хувьд зохион байгуулалт сайн байлаа. Залуус маань Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, эх орноо хамгаалахын ач тусыг ойлгож, цэргийн алба хаах хүсэл эрмэлзэлтэй болжээ. Цэргийн алба хааснаар залууст ямар ач тустай, амьдралд нь ямар дэмтэй зэргийг олон талаас нь харж дүгнэлтээ хийж, шийдвэр гаргаж өөрсдийн хүсэлтээр ирж байна. Цэргийн албанаас зайлсхийдэг байдал нэгэнтээ ард хоцорчээ.
Энэ жилийн цэргийн албаны онцлог бол залуус маань хилийн цэрэг, дотоодын цэргийн анги салбаруудад татагдаж байна. Хугацаат цэргийн алба хааж буй залуус руу бид бүхэн анхаарч, цэргийн дүрмийн мэдлэг олгож, буу зэвсэг эзэмшүүлж сургахаас гадна энгийн мэргэжил эзэмшүүлж, гадаад хэл сургаж, жолооны анхан шатны мэдлэгийг олгож байна.
Алба хаах сүүлийн 2-3 сард хөдөлмөрийн салбарт ажиллуулж, ажлын дөртэй болгож байна. 2018 оноос хойш цэргийн албанд татагдсан залуус төмөр зам болон авто замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, улс орныхоо бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулахаас гадна тодорхой хэмжээний хуримтлалтай болоод халагдаж байгаа юм" гэв.
Цар тахлын улмаас өнгөрсөн жил нийслэлд цэрэг татлага болоогүй. Харин энэ жил цэрэг татлагыг нийслэлийн зургаан дүүрэгт эхлүүлсэн ба алслагдсан гурван дүүргийг ирэх намар 2 дугаар ээлжийн цэрэг татлагад хамруулах аж.
Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулж байна. Үүнд:
- Баянгол дүүргийн 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуульд тус тус цэрэг татлага явагдана.