Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас мэдээллээ.
Энэ талаар ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд "Махатма Гандигийн гудамж болон Нийслэлийн гудамж (Тэмээтэй хөшөөний уулзвараас И-Март худалдааны төв хүртэлх) замын тодорхой хэсгийг хааж, иргэд явганаар хөдөлгөөнд оролцох боломжийг олгож байна. Дүнжингарав худалдааны төвөөс Мишээл Экспо болон Нийслэлийн гудамж хүртэл автобусаар үнэгүй зорчиж очих зохицуулалттай байгаа" гэв.
Мөн үргэлжлүүлэн "Вокзалын баруун талд байрладаг 1,000 машины зогсоол дээр нийтийн тээврийн хэрэгслүүдийг байршуулж, тэндээс зорчигч тээвэрлэх боломжийг Нийтийн Тээврийн Газартай ярьж тохирсон байгаа. Ингэснээр иргэдийн зүгээс тээврийн хэрэгслээ тодорхой зогсоолд тавьж, автобусаар Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.
Наадмын үеэр буюу долдугаар сарын 12-ны өглөө хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс Архангай аймаг руу салдаг уулзвараас Хүй долоон худаг (цанын баазын чиглэл) явах замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар төлөвлөж байна. Соёолон насны морьд уралдаж ирсний дараа буцаагаад Улаанбаатар хот руу нэг чигийн урсгалд оруулж, хөдөлгөөний зохион байгуулалтыг хийх шаардлагатай болдог. Яагаад гэвэл, массын ачаалал дээрх чиглэлд төвлөрдөг учраас хөдөлгөөнийг хурдан шуурхай явуулах нь чухал" гэлээ.
Наадмын өдрүүдэд "Хүй долоон худаг-Төв цэнгэлдэх" маршрутаар нийтийн тээврийн автобус иргэдэд үнэгүй үйлчилнэ. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсэгт тусгайлан бэлтгэсэн зогсоолоос зорчигчдоо авна. Мөн 300 орчим такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл зөвшөөрөл хамаарахгүйгээр явна. Таксинууд симфор, такси үйлчилгээний дугаарын тэмдэгтэй байх шаардлага тавигдана. Тиймээс аль болох нийтийн тээврийн хэрэгслийг сонгох нь чухал гэдгийг ТЦА-наас зөвлөлөө.