Жил бүр Япон улсын Осака хотноо зохион байгуулдаг 17 дахь удаагийн Олон улсын Азийн кино наадмын сүүлийн шат өнгөрсөн гуравдугаар сард болж найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино шалгарч “Гран при” цомын төлөө Азийн шилдэг 14 кинотой зэрэгцэн өрсөлдсөн. Энэ жил тус наадамд 954 кино өрсөлдөж сүүлийн шатанд 15 кино шалгарч үлдсэн билээ. Түүнчлэн найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино "New York Asian film festival - 2022"-д албан ёсоор шалгарсан байна.
Сонирхуулахад, Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой аж. Тус наадам ирэх 7 дугаар сарын 15–28-нд Линкольн төвд зохион байгуулагдах бөгөөд энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаагаараа онцлог юм байна.