Манай улс 2021 онд 2.7 их наяд төгрөгийн хүнс импортолжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 18 секунд

Манай улс 2021 онд 2.7 их наяд төгрөгийн хүнс импортолжээ

“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцжээ.

Ерөнхийлөгчөөс энэ сарын 20-ны өдөр “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн өргөн мэдүүлсэн байна. Тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан.

Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин

  • Сүүн бүтээгдэхүүн 27,
  • Гурилан бүтээгдэхүүн 38,
  • Хүнсний ногоо 38,
  • Өндөг 48,
  • Цөцгийн тос 67,
  • Тахианы мах 98,
  • Ургамлын тос 98 хувь нь импортын хамааралтай.

Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг импортолдог.

Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Судалгаагаар манай улс 2030 он хүртэлх хугацаанд малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүнийг дотооддоо бүрэн хангаж жилд дунджаар 95.4 мянган тонн малын мах, 54.6 мянган тонн махан бүтээгдэхүүн, 288 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 111 мянган тонн гурил, 21 мянган тонн гурилан бүтээгдэхүүн экспортлох боломжтой.

  • Хүн амын хэрэгцээт жимс жимсгэнийн 23,
  • Ургамлын тосны 69,
  • Хүлэмжийн ногооны 41,
  • Элсэн чихрийн 41,
  • Төрөл бүрийн будааны 44 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж, ил талбайн ногоо, тахианы мах, өндөг, гахайн мах, өөхийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой аж.

Түүнчлэн дээрх 16 хүнсний түүхий эдийг бэлтгэхэд одоо байгаа усалгаагүй 557 мянган га талбай дээр шинээр 479 мянган га талбай, усалгаатай 30 мянган га талбай дээр шинээр 33 мянган га талбайг эргэлтэд оруулж, жилд 1931 мянган тонн тэжээл шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Иймд гол нэрийн хүнсийг дотоодоос хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд дараах зохицуулалтыг тусгасан:

  • тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар батлахаар,
  • хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх,
  • санхүүжилт даатгалын оновчтой тогтолцоог бий болгох,
  • хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох,
  • аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох,
  • пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах,
  • хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох чиглэлээр эрх зүйн орчинг сайжруулах,
  • холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгахаар тусгажээ.

Ингээд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.0 хувь нь дэмжсэн гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

“Петрочайна Дачин Тамсаг”-т нэг литр нефтийн төлөө хоёр литр ус ашиглаж байна
“Петрочайна Дачин Тамсаг”-т нэг литр нефтийн төлөө хоёр литр ус ашиглаж байна
 
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Д.Батбаяр: Хонины ноосон бүтээгдэхүүнийг дэлхийд гаргахад санхүүжилт шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.