Бэлчээрт байсан бусдын үхрийг нядалж, тээвэрлэсэн этгээдэд шүүхээс нэг жилийн хорих ял оноож, автомашиныг нь улсын орлого болгосон байна.
Тодруулбал, Г гэгч нь Ховд аймгийн ... сумын нутаг дэвсгэр Голын адаг гэх газарт 2023 оны арваннэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө бэлчээрт байсан бусдын алаг халзан зүсмийн нэг тооны үхрийг хулгайлан нядалж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б-д нэг тооны үхэр буюу 750 мянган төгрөгийн хохирол учирчээ. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь цагдаагийн газраас 174 кг үхрийн мах хүлээж авсан бөгөөд Г нь хохирогчид 3 сая төгрөг өгч, уучлалт гуйсан байна. Тиймээс хохирогч шүүх хуралдаанд "Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэдгээ хэлсэн байна.
Харин Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г-г мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн үзэж, нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн шүүгдэгч Г-ын эзэмшлийн Тоёото Приус-20 маркийн 10,6 сая төгрөгний үнэлгээтэй тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.