ОХУ-ын Удмурт мужийн Ижевск хотын Ерөнхий боловсролын 88-р сургуульд зэвсэглэсэн этгээд халдаж 17 хүний амийг хөнөөж, олон хүнийг шархдуулсан хэрэг өчигдөр /2022.09.26/ гарлаа.
Нийт 17 хүн амь үрэгдсэнээс 11 хүүхэд байна. Буудсан этгээд нь Ижевск хотын иргэн, дээрх сургуулийн төгсөгч 34 настай Артем Канзанцев гэгч байсан бөгөөд халдлагын дараа тэрбээр өөрийгөө буудан амиа хороосон байна. Хэргийн газрын гэрэл зургаас үзвэл тэр маш их хэмжээний буу, сумаар зэвсэглэн сургуульд халджээ.
Ижевск хотын төвд байрладаг тус сургуульд 982 сурагч суралцаж, 80 багш ажилладаг байна. Халдлага ид өдрийн цагт хичээлийн үеэр гарсан бөгөөд хар хувцастай этгээд сургууль руу нэвтэрч, хоёр хамгаалагчийг буудаж, дараа нь хүүхдүүд болон багш нар руу гал нээжээ.
Амиа алдсан хүүхэд, иргэдийн дурсгалыг хүндэтгэн Удмурт мужид гурван өдрийн гашуудал зарлалаа.
Энэ он гарсаар ОХУ-д сургууль руу халдсан хоёр дахь тохиолдол гарсан нь энэ юм. Энэ оны дөрөвдүгээр сард Ульяновск мужийн нэгэн иргэн Вешкайма тосгоны цэцэрлэгт нэвтэрч, ИЖ-27 буугаар гал нээж, хоёр хүүхэд, нэг асрагчийг буудан хороосон. Үүний дараа өөрийгөө буудаж амиа хорлосон юм.