Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск өчигдөр болсон “Tesla AI Day” хиймэл оюуны технологийн өдөрлөгийн үеэр өөрийн компанийн бүтээж буй хүн дүрст роботын туршилтын загварыг үзүүлжээ.
Optimus нэртэй энэхүү робот одоо Тесла компанийн цахилгаан автомашины үйлдвэрт туршигдаж байгаа ба ойрын хэдэн жилийн дотор бөөнөөр үйлдвэрлэгдэж, зах зээлд гаргах гэнэ.
Маск арга хэмжээнд оролцогчдод цэцэг услах, хайрцаг зөөх, металл эд анги өргөх зэрэг энгийн үйлдэл гүйцэтгэж буй Оптимусын дүрс бичлэгийг үзүүлсэн байна.
Гурваас таван жилийн дотор зах зээлд гарахдаа Оптимус нь $20,000 хүрэхгүй үнэтэй байх гэнэ.
“Бидний мэдэх соёл иргэншил үндсээрээ өөрчлөгдөх цаг үе ойртож байна” гэж Илон Маск танилцуулгын үеэр хэлжээ.
Гэвч хөрөнгө оруулагчид, зах зээл судлаачид Тесла компани цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх үндсэн бизнестээ төвлөрөхийн оронд хүн дүрст робот зохион бүтээж байгаад гайхаж, санаа зовж байгаагаа илэрхийлцгээжээ.
Харин Маск энэ төслөө хиймэл оюуны салбарын хамгийн чухал асуудлуудын нэг болох хүнийг машинаар бүрэн орлуулах чиглэлд хийгдэж буй ажил гэж тайлбарласан байна.
“Бид роботыг Терминаторын замаар явуулахгүй байхад үргэлж анхаарал тавьж, болгоомжтой хандах ёстой” гэж тэр ярьжээ.
Маск бас робот нь эрсдэлтэй тохиолдолд “зогсоох” товчтой байх ба Тесла компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ чиглэлд хувь нэмрээ оруулах шаардлагатай болсныг хүмүүст тайлбарласан байна.
Эх сурвалж: BBC